32 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
32.1.Хэвлэл мэдээллийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээ, сурвалжлага хийх, нэвтрүүлэг бэлтгэхдээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах, гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг олон нийтэд таниулах, сэрэмжлүүлэхийг гол зорилго болгоно.
32.2.Хэвлэл мэдээллийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоохтой холбогдсон хойшлуулшгүй мэдээллийг эрх бүхий байгууллагын хүсэлтээр үнэ төлбөргүйгээр яаралтай нийтэлж, нэвтрүүлнэ.
32.3.Энэ хуулийн 32.2-т заасан хойшлуулшгүй мэдээллийг үнэ төлбөргүй яаралтай нийтэлж, нэвтрүүлэх журмыг хууль зүйн болон харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
32.4.Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл, нийтлэлийн агуулга, хөтөлбөрт гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирох, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, өөрийн эрх, ашиг сонирхлыг хууль ёсны аргаар хамгаалах арга замыг тодорхой тусгаж хэрэгжүүлнэ.
32.5.Энэ хуулийн 32.4-т заасан агуулга бүхий нийтлэл, мэдээллийг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлж, нийтэлж байгаа нийт мэдээлэлд эзлэх хувь, заавал нэвтрүүлбэл зохих нийтлэл, мэдээллийн доод хэмжээг хууль зүйн болон харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
32.6.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан, гэмт хэрэг, зөрчил үйлдэх, түүний ул мөрийг нуун далдлах арга, хэрэгслийг нарийвчлан дүрсэлсэн, гэмт хэрэг, зөрчлийг ашиг, орлогоо нэмэгдүүлэх хэрэгсэл болгон харуулсан, гэмт хэрэг, зөрчил үйлдэх сэдэл төрүүлж болох агуулгатай аливаа мэдээллийг нийтлэх, нэвтрүүлэхийг хориглоно.
32.7.Шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай болон гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг хориглоно.
32.8.Хэвлэл, мэдээллийн байгууллага гэмт хэргийн шинжтэй, илт хууль бус нийтлэл, нэвтрүүлэг, зар сурталчилгааны тухай асуудлыг цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй.
32.9.Гэрч, хохирогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр түүний нүүр царай, дуу хоолойг танигдахуйц байдлаар гаргах, хувийн байдалтай холбоотой мэдээллийг тараах, хохирогчийг буруутгасан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг хийхийг хориглоно.
32.10.Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн бага насны хүүхэд сураггүй алга болсон, олдсон тухай хойшлуулшгүй мэдээллийг харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч этгээд үнэ төлбөргүй, нийтэд мэдээлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
32.11.Энэ хуулийн 32.10-т заасан ажиллагааг зохицуулах журмыг хууль зүйн болон цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ХЭЛБЭР