46 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилт
46.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тухайн жилд Эрүүгийн хуульд заасны дагуу оногдуулсан торгох ял, Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.2, 5.3 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 5.5, 5.6, 5.7 дугаар зүйл, 5.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 5.9 дүгээр зүйл, 5.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.11 дүгээр зүйлийн 1.5 дахь заалт, 4, 6 дахь хэсэг, 5.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.1 дэх заалт, 3 дахь хэсэг, 5.16, 5.18 дугаар зүйл, 6.3 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1, 4, 5, 11, 12, 13 дахь хэсэг, 6.18 дугаар зүйлийн 4, 7 дахь хэсэг, 6.20 дугаар зүйлийн 4, 5, 7, 9 дэх хэсэг, 6.21, 6.22 дугаар зүйл, 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 8.8 дугаар зүйл, 10.4, 10.8, 10.26, 10.28 дугаар зүйл, 11.15 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 13.5, 14.4, 14.5 дугаар зүйл, 14.6 дугаар зүйлийн 5, 6, 7, 9 дэх хэсэг, 14.7, 15.1 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.6, 15.7, 15.8, 15.9, 15.10, 15.11, 15.18 дугаар зүйл, 15.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.21 дүгээр зүйл, 15.22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 15.24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг дүрс бичлэгийн техник, хэрэгсэл, зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах байгууллагын мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах ажилд, 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бусад ажилд зориулан дараагийн жилийн төсөвт тусгаж, санхүүжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
46.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилт нь энэ хуулийн 46.1-д зааснаас гадна хуулиар хориглоогүй бусад санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдэнэ.
46.3.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийг аймаг, нийслэлийн батлагдсан төсөв дээр нь нэмж олгох замаар төвлөрүүлж, сум, дүүргийн Салбар зөвлөл, гэмт хэргийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг харгалзан хуваарилж, зарцуулна.
46.4.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг санхүүжүүлэх хөрөнгийг төлөвлөх, хуваарилах, зарцуулах, тайлагнах журмыг хууль зүйн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсгээс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
46.5.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийг дараах чиглэлээр зарцуулна:
46.5.1.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хууль сахиулах болон төрийн бус байгууллага, иргэдээс иргэд, байгууллагын дунд зохион байгуулж байгаа сургалт, сурталчилгааны ажлын зардлыг санхүүжүүлэх;
46.5.2.энэ хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хүн, хуулийн этгээдийг шагнаж, урамшуулах;
46.5.3.энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлж яваад эрүүл мэндээрээ хохирсон буюу амь насаа алдсан тохиолдолд түүнд болон ар гэрт нь олгох тэтгэвэр, тэтгэмжийн зөрүү, зардал, нөхөн төлбөрийг төлөх;
46.5.4.гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд болон шүүхийн шинжилгээний байгууллагаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэх;
46.5.5.гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг иргэдээс авах төлбөрийн зардлыг санхүүжүүлэх;
46.5.6.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах, Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу үнэлгээ, судалгаа хийх, тэдгээрийг хэлэлцүүлэх, хуульд заасан дүрэм, журам, заавар боловсруулах;
46.5.7.тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга, ажиллагааны талаарх судалгааны ажилд зарцуулах;
46.5.8.олон нийтийн цагдаагийн урамшуулал, эрүүл мэндийн даатгалын зардлыг санхүүжүүлэх;
46.5.9.энэ хуулийн 14.2-т заасан Зохицуулах зөвлөлийн орон тооны ажлын албаны үйл ажиллагаа, албан хаагчийн цалин хөлс, Салбар зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргын цалин хөлсний зардлыг санхүүжүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
46.5.10.авто замын тэмдэг, тэмдэглэлийг шинээр байршуулах, шинэчлэх, засварлах. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
46.5.11.хууль тогтоомжид заасан бусад. /Энэ заалтыг дугаарт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтын дугаарыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "46.5.11" гэж өөрчилсөн./
46.6.Зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах хөрөнгийг зөрчлийн нөхцөл байдал, цаашдын төлөв байдлыг харгалзан асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад тухай бүр тусгаж, зарцуулна.
46.7.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийг хууль тогтоомжид зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
46.8.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтад Зохицуулах зөвлөл, төрийн аудитын байгууллага, санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон төсвийн тухай хууль тогтоомжид заасан эрх бүхий этгээд хяналт тавина.
БУСАД ЗҮЙЛ