45 дугаар зүйл. Хяналтын хэлбэр
45.1.Хяналтыг хэрэгжүүлэх арга хэмжээ, хяналтын хүрээ, хяналтад ашиглах арга хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хяналтад байгаа хүний үйлдсэн гэмт хэргийн төрөл, онцлог, түүний хувийн байдалд нийцүүлэн ялгамжтайгаар тогтооно.
45.2.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтыг хэрэгжүүлэх арга хэмжээ дараах хэлбэртэй байна:
45.2.1.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ярилцлага хийх, зөвлөгөө өгөх;
45.2.2.хяналтад байгаа хүнийг нийгэмд дасан зохицох, ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
45.2.3.ял шийтгүүлсэн гэмт хэргийн төрөл, хувийн байдлаас хамааран урьд өмнө гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд хүргэсэн шалтгаан, нөхцөлийг арилгах талаар тодорхой үүрэг өгч, биелэлтийг хангуулах;
45.2.4.хяналтад байгаа хүний зан үйл, хөдөлмөр эрхлэлт, үйл ажиллагааны талаар тусгайлсан шаардлага, хориглолт, хязгаарлалт тогтоох;
45.2.5.ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, үйл ажиллагааг нь биечлэн шалгах;
45.2.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг үйлдэж тэнсэн харгалзсан этгээд мансууруулах эм, бодис хэрэглэсэн эсэхийг тодорхой цаг хугацааны давтамжтайгаар шалгах;
45.2.7.хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр эмнэлгийн болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авах, захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах.
45.3.Хяналтад байгаа хүн энэ хуулийн 42.1-д заасны дагуу тогтоосон хугацааны эхний хагаст зан байдлаараа нийтэд аюулгүй болсон гэдгээ нотлон харуулсан бөгөөд цаашид тогтмол хяналт тавих шаардлагагүй бол хяналт тавьж байгаа цагдаагийн байгууллагын даргын шийдвэрээр хяналтын үлдсэн хугацаанд энэ хуульд заасан хяналтын түвшинг хөнгөрүүлж болно.
45.4.Энэ хуулийн 45.2-т заасан хяналтад байгаа хүний эерэг зан, төлөв байдлаас хамааран урамшуулах буюу цагдаагийн байгууллага, алба хаагч хяналтад байгаа хүнийг зайлшгүй шаардлага гарснаас бусад тохиолдолд цагдаагийн байгууллагад дуудахгүй байх, энэ хуулийн 43.1.2, 43.1.4, 43.1.5-д заасан хугацаа, давтамжийг хуульд зааснаар сунгаж тогтоох болон урьд тогтоосон зарим үүрэг, хориглолт, хязгаарлалтыг цуцлах байдлаар хэрэгжүүлнэ.
45.5.Хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагыг сайн дурын үндсэн дээр оролцуулж болно.
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН САНХҮҮЖИЛТ