44 дугаар зүйл. Хяналт тавих талаар цагдаагийн байгууллага, алба хаагчийн бүрэн эрх

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

44 дугаар зүйл. Хяналт тавих талаар цагдаагийн байгууллага, алба хаагчийн бүрэн эрх

44.1.Цагдаагийн байгууллага, алба хаагч хяналт тавихдаа дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

44.1.1.хяналтад байгаа хүний зан байдал, үйл ажиллагааны талаар ажиллаж байгаа болон оршин суугаа газрын нутгийн захиргааны байгууллагаас тодорхойлолт, лавлагаа, тайлбар гаргуулж авах;

44.1.2.хяналтад байгаа хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр шаардлагатай тохиолдолд хэдийд ч дуудан ирүүлэх, зөвлөгөө өгөх, шаардлага тавих, анхааруулах;

44.1.3.хяналтад байгаа хүн эрх бүхий этгээдээс тогтоосон хязгаарлалт, үүргийг биелүүлээгүй, эсхүл хяналтаас зайлсхийсэн тохиолдолд түүнийг эрэн сурвалжлах, албадан ирүүлэх;

44.1.4.цаашид гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх талаар хяналтад байгаа хүнд санамж, зөвлөгөө өгөх, ярилцлага зохион байгуулах;

44.1.5.хяналтад байгаа хүн гэмт хэрэг, зөрчил дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хараа хяналтдаа байлгах, сурган хүмүүжүүлэх, удирдах чиг үүрэг бүхий хүнд тодорхой үүрэг хүлээлгэх, биелэлтийг хангуулах;

44.1.6.хяналтад байгаа хүнийг нийгэмд дасан зохицох, ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд хүргэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг арилгах, бусад асуудлыг шийдвэрлэх талаар нутгийн захиргааны болон бусад төрийн, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах.

44.2.Энэ хуулийн 41.2-т заасан хяналтад байгаа этгээдийн бүртгэлийг цагдаагийн байгууллага хөтөлнө. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.