7 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ерөнхий чиглэлийг хэрэгжүүлэх

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ерөнхий чиглэлийг хэрэгжүүлэх

7.1.Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрх зүй, зохион байгуулалт, хүмүүжлийн шинж чанартай нийтлэг арга хэмжээг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ерөнхий чиглэл гэнэ.

7.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ерөнхий чиглэлийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

7.2.1.гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах эдийн засаг, нийгэм, эрх зүйн арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх;

7.2.2.иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, эдийн засаг, нийгмийн баталгааг бүрдүүлэх;

7.2.3.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох;

7.2.4.хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх баталгааг бүрдүүлэх;

7.2.5.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай санхүү, материал, техникийн болон хүний нөөцийг бүрдүүлэх;

7.2.6.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, эрх зүйн бүх нийтийн боловсролыг дэмжих;

7.2.7.хүүхдэд хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хууль дээдлэх ёс, эрх зүйн боловсрол, соёлыг төлөвшүүлэх талаар гэр бүл, нийгэм, сургуулийн орчныг хамарсан цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

7.2.8.хүчирхийллийн бүх хэлбэрийг үл тэвчих, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх орчныг бүрдүүлэх;

7.2.9.хот, тосгоны төлөвлөлтийн үйл ажиллагаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл, нийтлэг шаардлагыг хангах;

7.2.10.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр суурилуулж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгсэл нь цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох боломжтой байх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.