8 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх тусгай чиглэлийг хэрэгжүүлэх
8.1.Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгахад чиглэсэн цогц арга хэмжээг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тусгай чиглэл гэнэ.
8.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тусгай чиглэлийн хүрээнд энэ хуулийн 7.2-т зааснаас гадна дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
8.2.1.зохион байгуулалттай гэмт бүлгийн үйл ажиллагааг таслан зогсоох, тэдгээрийн хоорондын харилцаа холбоо, гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого, хөрөнгө мөнгөний урсгалыг таслан зогсоох;
8.2.2.зохион байгуулалттай гэмт бүлгийн үүсгэн байгуулагч, удирдагчид нэн тэргүүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх зарчмыг хэрэгжүүлэх;
8.2.3.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гүйцэтгэсэн үүрэг, оролцооноос хамааран ялгамжтай авч үзэх, тэдгээрийн зүгээс хууль сахиулах байгууллагатай сайн дураараа хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
8.2.4.гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн хууль сахиулах байгууллагатай хамтран ажилласан этгээдийн аюулгүй байдлыг хангах;
8.2.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх;
8.2.6.төсвийн хөрөнгийг зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;
8.2.7.тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг, эсхүл үйлдэгдэж болзошгүй газар нутаг, үйл ажиллагаа, харилцаанд чиглэсэн цогц арга хэмжээг авах;
8.2.8.гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг болон үйлдэгдэж болзошгүй газар нутагт урьдчилан сэргийлэх эргүүлийн үйл ажиллагааг тогтмол хийх;
8.2.9.гэмт халдлагад өртөж болзошгүй объектыг хамгаалалтад авах, үйл ажиллагааг нь түр зогсоох, тухайн объектоос хүн, эд зүйлсийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх.
8.2.10.Олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээс зорчигчийн мэдээллийг урьдчилан авах. /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./
8.3.Энэ хуулийн 8.2.9-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэрийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга гаргана.