9 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн чиглэлийг хэрэгжүүлэх
9.1.Тодорхой этгээд гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний зан үйл, ёс суртахуунд нөлөөлөх, түүнээс гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг арилгахад чиглэсэн цогц арга хэмжээг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн чиглэл гэнэ.
9.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн чиглэлийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
9.2.1.гэмт хэрэг үйлдэж болзошгүй, үйлдэхээр бэлтгэж байгаа этгээдийг цаг тухайд нь олж тогтоох, гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө таслан зогсоох;
9.2.2.гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлж суллагдсан хүнд хяналт тавих;
9.2.3.гэмт хэрэг үйлдэж болзошгүй нөхцөлд байгаа болон хорих ял шийтгүүлж, суллагдсан этгээдэд нийгэмд дасан зохицох, нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх;
9.2.4.хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тодорхой үүрэг хүлээлгэсэн, хориглолт, хязгаарлалт тогтоосон хүнд хяналт тавих;
9.2.5.гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн этгээдийн зан байдалд нөлөөлөх, хуулийг чандлан сахих дадал төлөвшүүлэх, хорих байгууллагад байх хугацаанд боловсрол, ажил хөдөлмөр эрхлэх дадал, туршлага олгох, суллагдсаны дараа нийгэмд дасан зохицох шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох;
9.2.6.энэ хуулийн 12.1.5, 12.1.6-д заасан хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тогтмол хяналт, шалгалт хийх, үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлэх;
9.2.7.хуульд заасны дагуу гэмт хэргийг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл, баримт сэлт өгөх болон бусад байдлаар туслалцаа үзүүлсэн гэрч, хохирогч, шаардлагатай тохиолдолд түүний хамаарал бүхий этгээдийг гэмт халдлагаас хамгаалах.