10 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх

10.1.Хүн, хуулийн этгээдийг гэмт халдлагаас хамгаалах, түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий гэмт хэрэг, зөрчилд өртөх, хохирох эрсдэлийг бууруулахад чиглэсэн нөлөөллийн цогц арга хэмжээг соён гэгээрүүлэх чиглэл гэнэ.

10.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэлийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

10.2.1.өөрийн үйл ажиллагааны онцлог, зан үйл, дадлаас хамааран гэмт хэрэг, зөрчилд өртөх, түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй хүн, хуулийн этгээдийн хүрээг тодорхойлох;

10.2.2.энэ хуулийн 10.2.1-д заасан этгээдийн үйл ажиллагаа, зан үйл, дадал гэмт хэрэг, зөрчлийг өдөөж болзошгүй шалтгаан, нөхцөлийг тогтоож, тэдгээрийг саармагжуулах, арилгах арга хэмжээг авах;

10.2.3.гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, зан үйл, дадлын талаар олон нийтэд тогтмол мэдээлэх;

10.2.4.энэ хуулийн 10.2.1-д заасан этгээдэд гэмт хэрэг, зөрчилд өртөх тэдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх эрсдэлийн талаар таниулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдэгдэл, зөвлөмж өгөх;

10.2.5.энэ хуулийн 10.2.1-д заасан этгээдэд өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх;

10.2.6.гэмт хэрэг, зөрчил үйлдэх, үйлдэгдэхээс өөрийгөө болон бусдыг хамгаалах зан суртахуун, дадал, чадварыг бий болгоход чиглэсэн арга хэмжээг авах;

10.2.7.гэмт хэрэг, зөрчлийн нийгмийн хор аюулыг олон нийтэд таниулах ажлыг тасралтгүй явуулах, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.