11 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх
11.1.Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хянан шалгах ажиллагааг боловсронгуй болгох, түүний үр нөлөөг дээшлүүлэх, хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааны бодлогын нэгдмэл байдлыг хангах, хариуцлага хүлээлгэхдээ энэ хуульд заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчмыг баримтална.
11.2.Гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
11.2.1.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх нэгдсэн болон тухайлсан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;
11.2.2.гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх;
11.2.3.гэмт хэрэг, зөрчлийг хянан шалгах болон түүнд хяналт тавих үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, гэмт хэрэг, зөрчил бүрд хариуцлага хүлээлгэх зарчмыг хэрэгжүүлэх;
11.2.4.гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх тогтолцоог бүрдүүлэх;
11.2.5.гэмт хэрэг, зөрчил хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага, нэгж, тэдгээрийн алба хаагчдаас чиг үүргээ хэрэгжүүлэх баталгаа, нөхцөлийг сайжруулах;
11.2.6.гэмт хэрэг, зөрчлийн төрлөөс хамааран түүнийг хянан шалгах чиг үүрэг бүхий мэргэшсэн нэгж, алба хаагчдыг бэлтгэх, үйл ажиллагааны чиглэлээр нь мэргэшүүлэх.
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ, ЗОХИЦУУЛАЛТ