13 дугаар зүйл. Өмгөөлөгчийн эрх

ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Өмгөөлөгчийн эрх

13.1.Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах нийтлэг эрх эдэлнэ:

13.1.1.нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх, эсхүл хэрэг, маргаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт сэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулах;

13.1.2.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд заасан эрх, үүргийн хүрээнд аль ч байгууллагад төлөөлөх;

13.1.3.үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах боломжоор хангагдах;

13.1.4.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн оролцож байгаа ажиллагааны бусад оролцогчид асуулт тавьж, хариулт авах;

13.1.5.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримт сэлт, нотлох баримттай танилцах, тэмдэглэл хийх, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах;

13.1.6.шаардлагатай эд зүйл, баримт сэлт, бусад нотлох баримтыг цуглуулах талаар хүсэлт тавих, нотлох баримт гаргаж өгөх, шинэ нотлох баримт шаардах, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг шалгуулах, түүнийгээ хэргийн материалд тусгуулах;

13.1.7.шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах, гарсан дүгнэлттэй танилцах, дүгнэлтийг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах;

13.1.8.хуульд заасан үндэслэлээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;

13.1.9.захиргааны байгууллага, албан тушаалтан, мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;

13.1.10.хуульд заасан үндэслэл, журмын дагуу шаардлагатай баримт сэлтийг бэхжүүлэх, хуулбарлан авах зорилгоор зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн болон бусад техник хэрэгсэл ашиглах;

13.1.11.тусгай мэдлэг шаардагдах асуудлаар мэргэжлийн байгууллага, хүн, хуулийн этгээдээс өөрийнх нь зөвшөөрснөөр, эсхүл гэрээний үндсэн дээр зөвлөгөө авах, тодорхойлолт гаргуулах;

13.1.12.үйлчлүүлэгч болон бусад этгээдийн хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзах;

13.1.13.өөрийн үзүүлсэн хууль зүйн мэргэжлийн туслалцааны төлөө үндэслэл бүхий хөлс авах, гаргасан зардлыг нөхөн төлүүлэх;

13.1.14.шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дуу-дүрсний бичлэгийг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах.

13.2.Эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, арбитрын маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрхийг энэ хууль болон холбогдох хуулиар тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.