14 дугаар зүйл. Өмгөөлөгчийн үүрэг

ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Өмгөөлөгчийн үүрэг

14.1.Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах үүрэг хүлээнэ:

14.1.1.үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах;

14.1.2.үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах;

14.1.3.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах;

14.1.4.өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.1.5.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх;

14.1.6.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, шийдвэрийг хүндэтгэх;

14.1.7.өмгөөллийн үйл ажиллагааны зорилгод хүрэх арга хэлбэрийн талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх;

14.1.8.өмгөөллийн үйл ажиллагаанд хууль тогтоомж болон Мэргэжлийн ёс зүйн дүрэм /цаашид "Ёс зүйн дүрэм" гэх/-ээр хориглосон үйлдэл, эс үйлдэхүйн талаар үйлчлүүлэгчид тайлбарлах;

14.1.9.үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах;

14.1.10.өмгөөлөгчийн туслах, өмгөөллийн хуулийн этгээдийн өмгөөлөгч бус ажилтны үйлчлүүлэгчид учруулсан хохирол, гэм хорыг хариуцах;

14.1.11.шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохих мэдээлэл, судалгаа, бэлтгэлтэй оролцох;

14.1.12.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох;

14.1.13.тухайн үйлчлүүлэгчид үзүүлсэн өмгөөллийн үйл ажиллагаанд зарцуулсан зардлын тооцоог үйлчлүүлэгчид танилцуулах;

14.1.14.мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах;

14.1.15.гишүүнчлэлийн хураамж төлөх;

14.1.16.хуульд заасан бусад үүрэг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.