15 дугаар зүйл. Өмгөөлөгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх
15.1.Өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад дараах үйл ажиллагааг хориглоно:
15.1.1.өмгөөллийн нууцыг задруулах;
15.1.2.өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар амлалт өгөх, шашны зан үйл ашиглах, үйлчлүүлэгчийг төөрөгдүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ өмгөөллийн хөлсөнд хамаарахгүй мөнгө, бэлэг, шан харамж авах, шаардах;
15.1.3.үйлчлүүлэгчид хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар буруу, ташаа мэдээлэл өгөх, хэрэг, маргааны бодит байдлыг нуун дарагдуулах;
15.1.4.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийн эсрэг байр суурь илэрхийлэх, эсхүл хэрэг, маргааны эсрэг талд ашигтай аливаа үйлдэл хийх, үйлчлэх, мэдээлэл дамжуулах;
15.1.5.өөрийн үйлчлүүлэгчийн эсрэг ашиг сонирхол бүхий хэрэг, маргааны оролцогч талаас шан харамж авах, авахыг зөвшөөрөх, өөртөө давуу байдал бий болгуулах, тэдгээртэй үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр харилцах;
15.1.6.хэрэг, маргааны эсрэг талыг нотлох баримт, хэрэгт ач холбогдол бүхий бусад баримт сэлт, мэдээлэл олж авахад нь саад учруулах, тэдгээрт хууль бусаар өөрчлөлт оруулах, устгах, нуун дарагдуулах, энэхүү үйл ажиллагаанд бусдыг татан оролцуулах, туслах;
15.1.7.энэ хуулийн 13.1.5-д заасны дагуу хуулбарлан авсан нотлох баримт, баримт сэлтийг тухайн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэх;
15.1.8.хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ өөрийн улс төрийн болон шашны үзэл бодлыг үйлчлүүлэгчид тулгах;
15.1.9.өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ хуулийг зориуд буруу хэрэглэж үйлчлүүлэгчид хохирол учруулах, эсхүл хуурамч нотлох баримт, баримт сэлт ашиглах;
15.1.10.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд, эсхүл хэрэг, маргааны оролцогчийг ашиглан өөрийн хууль зүйн мэргэжлийн туслалцааг бусдад тулгах, үйлчлүүлэгч олж өгсний төлөө бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах;
15.1.11.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах;
15.1.12.хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал хавсран эрхлэх;
15.1.13.улс төрийн нам, түүний харьяа, салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил, албан тушаал хавсран эрхлэх;
15.1.14.өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг улс төрийн зорилгоор ашиглах;
15.1.15.хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлж байгаагаас бусад тохиолдолд өмгөөлөгч нэршлийг ашиглан улс төрийн нам, эвслийн байр суурийг илэрхийлэх;
15.1.16.хууль, Ёс зүйн дүрэмд заасан бусад.
15.2.Өмгөөлөгч дараах тохиолдолд үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг хориглоно:
15.2.1.хэрэг, маргааны талаар үйлчлүүлэгчтэй ашиг сонирхлын зөрчилтэй;
15.2.2.тухайн хэрэг, маргааныг хянан шалгах, шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс бусад оролцогчийн хувиар оролцож байсан, эсхүл үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хөндсөн маргаан бүхий шийдвэрийг гаргах эрх бүхий ажил, албан тушаал эрхэлж байсан бөгөөд түүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрөөгүй;
15.2.3.хэрэг, маргааны талаар үйлчлүүлэгчийн эсрэг ашиг сонирхол бүхий этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлж байгаа;
15.2.4.тухайн хэрэг, маргааныг хянан шалгаж, шийдвэрлэж байгаа байгууллагад, эсхүл түүний үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллагад ажил, албан тушаал эрхэлж байсан бөгөөд түүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрөөгүй;
15.2.5.тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож байсан, эсхүл гэрчээр оролцох хангалттай үндэслэлтэй.
15.3.Өмгөөллийн нэг хуулийн этгээдэд харьяалагддаг, эсхүл ашгаа хуваах байдлаар хамтран ажилладаг өмгөөлөгчид харилцан эсрэг ашиг сонирхол бүхий хэрэг, маргааны талуудад нэгэн зэрэг хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг хориглоно.
15.4.Өмгөөлөгч энэ хуулийн 15.2-т заасан нөхцөл байдлын талаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлж эхлэхээс өмнө мэдсэн бол хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхээс татгалзах, эсхүл түүнийг үзүүлэх явцад олж мэдсэн бол хууль зүйн мэргэжлийн туслалцааг дуусгавар болгох үүрэгтэй.
15.5.Энэ хуулийн 15.2-т заасан нөхцөл байдал үүссэн, эсхүл үүсэх нь тодорхой болсон бол өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцааг дуусгавар болгож, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй.
15.6.Энэ хуулийн 15.2-т заасан нөхцөл байдал үүссэн бол өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцааг дуусгавар болгох үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл болон үйлчлүүлэгчид үзүүлсэн хууль зүйн мэргэжлийн туслалцаатай холбоотой нотлох баримт, баримт сэлт, эд зүйл, үйлчлүүлэгчид буцаан төлбөл зохих өмгөөллийн хөлсийг хүлээлгэн өгөх зэрэг шаардлагатай арга хэмжээг авна.
15.7.Өмгөөлөгч тухайн хэрэг, маргааны талаар үйлчлүүлэгчтэй эсрэг ашиг сонирхолтой этгээд, эсхүл түүний төлөөлөгч, өмгөөлөгчтэй өөр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг тал болж оролцож байгаа бол үйлчлүүлэгчийн зөвшөөрснөөр өмгөөллийн үйл ажиллагааг үргэлжлүүлж болно.