32 дугаар зүйл. Мэргэжлийн хариуцлагын хороо, түүний чиг үүрэг
32.1.Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, энэ хууль болон Ёс зүйн дүрмийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
32.2.Мэргэжлийн хариуцлагын хороо 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнийг нэг удаа улируулан сонгож болно.
32.3.Мэргэжлийн хариуцлагын хорооны даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналаа нууцаар хурааж, нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно.
32.4.Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнд шүүгч, прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, иргэдийн төлөөлөл тус бүр нэг, Өмгөөлөгчдийн Холбооны төлөөлөл долоо байна.
32.5.Мэргэжлийн хариуцлагын хороо нь чиг үүргээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын албатай байх бөгөөд ажлын албаны бүтэц, орон тоог Мэргэжлийн хариуцлагын хорооны даргын саналыг үндэслэн Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл батална.
32.6.Энэ хуулийн 32.4, 46.2-т заасан иргэдийн төлөөлөл нь өмгөөллийн үйл ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, хуульч бус, өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэн байх бөгөөд түүнд тавих шаардлага, сонгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
32.7.Энэ хуулийн 32.4-т заасан шүүх, прокурорын төлөөлөл нь шүүгч, прокуророор долоогоос доошгүй жил ажилласан байна. Шүүгчийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн, прокурорыг Улсын ерөнхий прокурорын, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор батламжилна.
32.8.Мэргэжлийн хариуцлагын хороо энэ хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн маргааны сан бүрдүүлж, хариуцлага хүлээлгэсэн өмгөөлөгчдийн бүртгэл хөтөлнө.