31 дугаар зүйл. Өмгөөлөгчийн хариуцлага
31.1.Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаандаа энэ хуулийн 41.6.5-д заасан Ёс зүйн дүрмийг баримталж ажиллана.
31.2.Ёс зүйн дүрэм нь өмгөөллийн үйл ажиллагаанд заавал дагаж мөрдвөл зохих ёс зүйн хэм хэмжээ, өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг агуулсан байна.
31.3.Хууль, Ёс зүйн дүрмийг зөрчсөн өмгөөлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ:
31.3.1.сануулах;
31.3.2.өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэгээс гурван жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;
31.3.3.өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох.
31.4.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хугацаатай түдгэлзүүлсэн бол уг хугацаа өнгөрснөөр өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ сэргээлгэх хүсэлт гаргах эрхтэй.
31.5.Энэ хуулийн 31.3.2-т заасны дагуу түдгэлзүүлсэн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээх эсэх асуудлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлтийг үндэслэн Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч шийдвэрлэнэ.
31.6.Энэ хуулийн 31.3.3-т заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосон бол таван жилийн хугацаанд өмгөөлөгчийн шалгалтад орохгүй.
31.7.Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ.
31.8.Өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргаснаас хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн бол хариуцлага хүлээлгэхгүй.
31.9.Өмгөөлөгчид энэ хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн нь түүнийг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.