41 дугаар зүйл. Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурал
41.1.Өмгөөлөгчдийн Холбооны эрх барих дээд байгууллага нь Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурал /цаашид "Их Хурал" гэх/ байна.
41.2.Их Хурал нь ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байх бөгөөд ээлжит хурлыг гурван жилд нэг удаа хуралдуулна.
41.3.Их Хурал Өмгөөлөгчдийн Холбооны гишүүдийн төлөөллөөс бүрдэнэ.
41.4.Их Хурлын төлөөлөгчдийн тоог Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөлд харьяалагдах өмгөөлөгчдийн тооноос хамааран тогтоох бөгөөд төлөөлөгчийг сонгох, Их Хурлыг хуралдуулахтай холбогдсон журмыг Өмгөөлөгчдийн Холбооны дүрмээр тогтооно.
41.5.Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон эсэхээс үл хамааран Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өөрийн хүсэлтээр Их Хуралд саналын эрхгүйгээр оролцож болно.
41.6.Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
41.6.1.Өмгөөлөгчдийн Холбооны дүрмийг батлах;
41.6.2.өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх нэгдсэн шаардлагыг тогтоох;
41.6.3.Өмгөөлөгчдийн Холбооны бодлого, хөгжлийн хөтөлбөрийг тодорхойлох;
41.6.4.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Өмгөөлөгчдийн Холбооны Хяналтын зөвлөл /цаашид "Хяналтын зөвлөл" гэх/, Мэргэшлийн хорооны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;
41.6.5.Ёс зүйн дүрмийг батлах;
41.6.6.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл болон Мэргэжлийн хариуцлагын хорооны өмгөөлөгч гишүүнийг сонгох, чөлөөлөх;
41.6.7.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох;
41.6.8.Өмгөөлөгчдийн Холбооны гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг тогтоох;
41.6.9.Өмгөөлөгчдийн Холбооны шагналыг бий болгох, түүнийг олгох журмыг батлах;
41.6.10.хуульд заасан бусад бүрэн эрх.
41.7.Ээлжит бус Их Хурлыг зарлан хуралдуулахтай холбогдсон харилцааг Өмгөөлөгчдийн Холбооны дүрмээр зохицуулна.
41.8.Их Хурлын тов болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хурал эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
41.9.Их Хурал сонгогдсон төлөөлөгчдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.
41.10.Их Хурал асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана.