42 дугаар зүйл. Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл
42.1.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл нь Их Хурлын чөлөөт цагт Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий хамтын удирдлагын байгууллага байна.
42.2.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл 21 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байна.
42.3.Өмгөөлөгч нь Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр хоёроос дээш удаа дараалан сонгогдохгүй.
42.4.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
42.4.1.Өмгөөлөгчдийн Холбооны жилийн ажлын төлөвлөгөө, Өмгөөлөгчдийн Холбооны бодлого, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
42.4.2.Өмгөөлөгчдийн Холбооны бодлого, хөгжлийн хөтөлбөр, Өмгөөлөгчдийн Холбооны дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих;
42.4.3.Их Хурлыг зарлан хуралдуулах;
42.4.4.Мэргэжлийн хариуцлагын хороо, Мэргэшлийн хороонд шүүгч, прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон гишүүнийг батламжлах;
42.4.5.Өмгөөлөгчдийн Холбооны жилийн төсвийг баталж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх;
42.4.6.Өмгөөлөгчдийн Холбооны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар өмгөөлөгчөөс гаргасан санал, гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх;
42.4.7.Өмгөөлөгчдийн Холбооны ажлын албаны бүтэц, орон тоо, ажилтны цалин хөлсний хэмжээг тогтоох;
42.4.8.Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөлийг байгуулах, татан буулгах, салбар зөвлөлийн үйл ажиллагааны журмыг батлах;
42.4.9.Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөлийн даргыг томилох, чөлөөлөх;
42.4.10.Өмгөөлөгчдийн Холбооны санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах;
42.4.11.хууль, Өмгөөлөгчдийн Холбооны дүрэмд заасан бусад бүрэн эрх.
42.5.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд нийт гишүүний дийлэнх олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.
42.6.Яаралтай шийдвэр гаргах шаардлагатай цаг үеийн асуудлаар Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн, эсхүл Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийг тухай бүр зарлан хуралдуулна.
42.7.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх бөгөөд санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
42.8.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
42.9.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн даргыг гишүүдийн дотроос нийт гишүүний олонхын саналаар сонгоно.