43 дугаар зүйл. Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч

ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч

43.1.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч нь Өмгөөлөгчдийн Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

43.2.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчөөр өмгөөллийн үйл ажиллагааг 10-аас доошгүй жил эрхэлсэн, Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн Монгол Улсын иргэнийг Их Хурал нууц санал хураалтаар сонгоно.

43.3.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийг гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.

43.4.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

43.4.1.Өмгөөлөгчдийн Холбоог гадаад, дотоод харилцаанд төлөөлөх;

43.4.2.Өмгөөлөгчдийн Холбооны нэрийн өмнөөс гэрээ байгуулах, хууль тогтоомж, Өмгөөлөгчдийн Холбооны дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд Өмгөөлөгчдийн Холбооны хөрөнгийг захиран зарцуулах;

43.4.3.Өмгөөлөгчдийн Холбооны ажлын албаны ажилтныг томилох, чөлөөлөх;

43.4.4.Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөлийн даргыг томилох, чөлөөлөх саналыг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлд оруулах;

43.4.5.Их Хурал, Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх ажлыг зохион байгуулах;

43.4.6.хууль, Өмгөөлөгчдийн Холбооны дүрэмд заасан бусад бүрэн эрх.

43.5.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийг Их Хурал дараах үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

43.5.1.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;

43.5.2.эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;

43.5.3.үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;

43.5.4.өөр ажил, албан тушаалд томилогдсон, эсхүл сонгогдсон.

43.6.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийг Их Хурал дараах үндэслэлээр огцруулна:

43.6.1.ёс зүйн зөрчил гаргаж, хариуцлага хүлээсэн;

43.6.2.гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон.

43.7.Энэ хуулийн 43.5, 43.6-д заасны дагуу Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, эсхүл огцруулсан тохиолдолд Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх асуудлыг Өмгөөлөгчдийн Холбооны дүрмээр зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.