8 дугаар зүйл. Өмгөөлөгчийн шалгалт
8.1.Өмгөөлөгчийн шалгалтын зорилго нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, өмгөөлөгчийн ёс зүйн талаарх мэдлэг, мэтгэлцэх ур чадвар эзэмшсэнийг тогтооход чиглэнэ.
8.2.Өмгөөлөгчийн шалгалтыг Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хороо /цаашид "Мэргэшлийн хороо" гэх/ жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна.
8.3.Өмгөөлөгчийн шалгалтын товыг шалгалт эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд зарлана.
8.4.Хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орох тухай өргөдлөө шалгалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө гаргана.
8.5.Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам, шалгалтын хураамжийн хэмжээг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл батална.
8.6.Хуульчийг дараах тохиолдолд өмгөөлөгчийн шалгалтад оруулахаас татгалзана:
8.6.1.хуульд заасны дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон, эсхүл түдгэлзүүлсэн;
8.6.2.хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хязгаарласан;
8.6.3.энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа; /Энэ заалтыг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.6.4.Эрүүгийн хуулийн Арван зургадугаар, Арван есдүгээр, Хорьдугаар, Хорин нэгдүгээр, Хорин хоёрдугаар, Хорин гуравдугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан;
8.6.5.шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан огцруулах сахилгын шийтгэл хүлээсэн, эсхүл огцорсонд тооцогдсон, Прокурорын тухай хуулийн 67.1.5-д заасан үндэслэлээр прокурор ажлаас халагдсан, Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.5, 18.1.6-д заасны дагуу нотариатчийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан үндэслэлээр мөрдөгч төрийн албанаас халагдсан; /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрлөлт оруулсан./
8.6.6.прокурор, мөрдөгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаа өнгөрөөгүй;
8.6.7.Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй.
8.7.Хуульч өмгөөлөгчийн шалгалтад оруулахаас татгалзсан тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчид гомдол гаргаж болно.
8.8.Хуульч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг авахдаа "Өмгөөлөгч би Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахаа батлан тангараглая. Миний бие өргөсөн тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ." гэж тангараг өргөнө.
8.9.Өмгөөлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл батална.