26.1.Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай зөвхөн нэг хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
26.2.Сонгуульд оролцох хүсэлтэд нам, эвслийн дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байна. Эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон бүх намууд тамга /тэмдэг/ даран баталгаажуулна.
26.3.Нам сонгуульд оролцох хүсэлтдээ дараах баримт бичгийг хавсаргана:
26.3.1.сонгуульд оролцох тухай намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын шийдвэр;
26.3.2.намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
26.3.3.намын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн Улсын дээд шүүхээр баталгаажуулсан хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
26.3.4.сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
26.3.5.энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам;
26.3.6.ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд уг намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
26.3.7.намын сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл;
26.3.8.намыг төлөөлж Сонгуулийн ерөнхий хороотой харилцах, нэр дэвшигчдийн бүртгэлийн асуудлыг хариуцан ажиллах гурван хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, хүн тус бүрийн харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг. /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
26.3.9.энэ хуулийн 26.2-т заасан шаардлагатай холбоотойгоор нам, намын даргын Улсын дээд шүүхийн лавлагаа, тамга, тэмдгийн улсын бүртгэлийн лавлагаа. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
26.4.Эвсэл сонгуульд оролцох хүсэлтдээ энэ хуулийн 26.3.9-д заасан лавлагаа болон дараах баримт бичгийг хавсаргана: /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
26.4.1.сонгуульд оролцох тухай эвслийг төлөөлөх байгууллагын шийдвэр;
26.4.2.эвсэлд нэгдсэн нам тус бүрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
26.4.3.эвсэлд нэгдсэн нам тус бүрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн Улсын дээд шүүхээр баталгаажуулсан хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
26.4.4.эвслийг төлөөлөх байгууллагаар батлагдсан сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
26.4.5.энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх эвслийн дотоод журам; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
26.4.6.ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд уг намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
26.4.7.эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл;
26.4.8.эвслийг төлөөлж Сонгуулийн ерөнхий хороотой харилцах, нэр дэвшигчдийн бүртгэлийн асуудлыг хариуцан ажиллах гурван хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг; /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
26.4.9.эвслийн гэрээ; /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.4.10.эвсэл байгуулах тухай нам тус бүрийн шийдвэр.