27 дугаар зүйл. Намуудын эвсэл

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Намуудын эвсэл

27.1.Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрх бүхий намууд сонгуульд эвсэл байгуулж оролцох бол түүнд нэгдэн орох нам тус бүр дараах асуудлыг шийдвэрлэсэн байна:

27.1.1.эвслийн нэр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах;

27.1.2.нам тус бүрд ногдох нэр дэвшигчдийн тоог тогтоох; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

27.1.3.нам тус бүрд ногдсон тоонд багтаан нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчийн нэр, нэр дэвших тойргийг шийдвэрлэх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

27.1.4.цаашид сонгуультай холбогдсон асуудлаар эвсэлд тухайн намыг төлөөлөн шийдвэр гаргах эрхтэйгээр оролцох эрх бүхий төлөөлөгчид /цаашид "намыг төлөөлөх байгууллага" гэх/-ийг томилох;

27.1.5.эвслийн гэрээг хэлэлцэж батлах.

27.2.Эвсэлд нэгдэж байгаа намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага нь нэр дэвшүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

27.3.Эвсэлд нэгдсэн намууд тус бүрдээ эвсэлд нэгдэн орох талаарх энэ хуульд заасан асуудал тус бүрийг хэлэлцэн шийдвэрлэж, нэгдсэн тохиролцоонд хүрсэн бол эвслийн гэрээ байгуулж, намуудын дарга нар гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулснаар эвсэл байгуулагдсанд тооцно.

27.4.Эвсэл албан ёсны нэр, бэлэгдэлтэй байх бөгөөд түүнийг хувь хүн, улс, үндэстэн, овгийн нэрээр болон өмнөх сонгуульд хэрэглэсэн өөр намуудын эвслийн нэрээр нэрлэхийг хориглоно.

27.5.Эвслийн нэрийг сонгуулийн явцад болон шинээр сонгогдсон Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өөрчлөхийг хориглоно.

27.6.Нэгэнт байгуулагдсан эвсэлд аль нэг нам, эвсэл шинээр нэгдэн орохыг хориглоно.

27.7.Эвслийг төлөөлөх байгууллага нь эвсэлд нэгдэн орсон нам бүрээс томилогдсон төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд дараах асуудлыг олонхоороо шийдвэрлэх эрхтэй: 27.7.1.эвслийн мөрийн хөтөлбөр батлах; 27.7.2.эвслийн гэрээнд өөрчлөлт оруулах; 27.7.3.нөхөн сонгуульд эвслээс нэр дэвшүүлэх; 27.7.4.эвслийн гэрээг цуцлах. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

27.8.Эвслийг төлөөлөх байгууллага нь тухайн эвсэлд нэгдэн орсон нам тус бүрд ногдсон суудлын тоог өөрчлөх эрхгүй. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

27.9.Эвсэлд нэгдэн орсон намууд нь Улсын Их Хурлын нөхөн сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон Улсын Их Хурлын үйл ажиллагаанд нэг этгээд болж оролцоно.

27.10.Эвслийн аль нэг нам дангаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн зардлын данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан нөхөн сонгуульд оролцохыг хориглоно. Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцно.

27.11.Эвслийн гэрээнд дараах зүйлийг тусгана:

27.11.1.эвслийн нэр;

27.11.2.талуудын нийтлэг болон харилцан хүлээх эрх үүрэг;

27.11.3.эвслийг төлөөлөх байгууллага болон түүний удирдах бүрэлдэхүүнд орсон иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, ажил, албан тушаал;

27.11.4.эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүнийг төлөөлөх албан тушаалтны эцэг /эх/-ийн болон өөрийн нэр;

27.11.5.харилцан тохиролцсон бусад асуудал.

27.12.Эвслийн гэрээ нь тухайн сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.