3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."18 нас хүрсэн" гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;

3.1.2."25 нас хүрсэн" гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;

3.1.3."нэр дэвшигч" гэж 25 нас хүрсэн, энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;

3.1.4."итгэмжлэгдсэн ажилтан" гэж улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг;

3.1.5."итгэмжилсэн хүн" гэж сонгогч өөрөө тухайлан сонгож, санал өгөхөд нь унших, бичих хэлбэрээр туслалцаа үзүүлэх чадвартай, насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;

3.1.6."сонгогч" гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг;

3.1.7."сонгуулийн эрх бүхий иргэн" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг;

3.1.8."сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон" гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг хуульд заасны дагуу тогтоож, энэ тухай холбогдох байгууллагын шийдвэр гарсан байхыг;

3.1.9.“цахим хуудас” гэж бүх төрлийн контентыг интернэтийн домэйн нэр ашиглан хэрэглэгчид хүргэдэг программ хангамжийг; /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.10."ял эдэлж байгаа" гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг ойлгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.