4 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгууль

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгууль

4.1.Монгол Улсын Их Хурлын сонгууль нь /цаашид "сонгууль" гэх/ Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, төрийн эрх барих дээд байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлж байгаа үндсэн арга мөн.

4.2.Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно: /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.3.1.Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.3.2.Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Тайлбар: -“олныг төлөөлөх /мажоритар/ арга” гэж тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно. -“хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ арга” гэж сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн авсан саналынх нь тоо, хувьд үндэслэн энэ хуульд заасны дагуу суудал хуваарилж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно. /Энэ тайлбарыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.4.Сонгууль ээлжит, ээлжит бус, нөхөн сонгууль гэсэн төрөлтэй байна.

4.5."Ээлжит сонгууль" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил тутам явагдах сонгуулийг ойлгоно.

4.6.“Ээлжит бус сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал өөрөө тарах шийдвэр гаргасан, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргасан тохиолдолд явагдах сонгуулийг ойлгоно. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.7.“Нөхөн сонгууль” гэж энэ хуулийн 77.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.8.Санал хураалт нэмэлт, дахин санал хураалт гэсэн төрөлтэй байна.

4.8.1."нэмэлт санал хураалт" гэж энэ хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу явагдах санал хураалтыг;

4.8.2."дахин санал хураалт" гэж энэ хуулийн 79 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд явагдах санал хураалтыг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.