5 дугаар зүйл. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх

5.1.Сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгох эрхтэй.

5.2.Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар /цаашид “Дипломат төлөөлөгчийн газар” гэх/ байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.3.25 насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.4.Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж саналаа өгөх боломжоор хангагдсан байна. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.5.Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.6.Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй өгөхөд нь хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.