37 дугаар зүйл. Сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн

37.1.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүнд нам, эвслийн дарга, эсхүл түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан болон нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна.

37.2.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах 500 хүртэл, аймаг, нийслэлд 100 хүртэл, дүүрэгт 50 хүртэл, сум, хороонд 20 хүртэл ажилтантай байж болно. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.3.Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, аймаг, сум, нийслэл, дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрд нэг шадар туслагч, нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

37.4.Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах ажилтны үнэмлэхийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах ажилтны үнэмлэхийг сум, дүүргийн сонгуулийн хороо тус тус олгоно.

37.5.Нэр дэвшигчийн менежер, шадар туслагчийн үнэмлэхийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, ухуулагчийн үнэмлэхийг сум, дүүргийн сонгуулийн хороо тус тус олгоно.

37.6.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах хүсэлтийг тухайн нам эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэх авах хүсэлтийг тухайн нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш холбогдох сонгуулийн хороо хүлээн авч, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу олгоно.

37.7.Бие даан нэр дэвшигчид нэгдэж сонгууль эрхэлсэн байгууллага байгуулахыг хориглоно.

37.8.Ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд урамшууллын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.