38 дугаар зүйл. Сонгуулийн мөрийн хөтөлбөр

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Сонгуулийн мөрийн хөтөлбөр

38.1.Сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна.

38.2.Нам, эвслээс нэр дэвшигч тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно.

38.3.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно:

38.3.1.мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;

38.3.2.уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;

38.3.3.зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;

38.3.4.иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;

38.3.5.ажлын байранд зуучлах, ажилд оруулах;

38.3.6.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал.

38.4.Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрийн агуулгад нийцсэн уриатай байж болно.

38.5.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

38.6.Нам, эвсэл нь ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

38.7.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын эхний долоо хоногт багтаан энэ хуулийн 38.13-т заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

38.8.Ээлжит бус, нөхөн сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон энэ хуулийн 38.13-т заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

38.9.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ.

38.10.Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

38.11.Төрийн аудитын дээд байгууллага нь бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 33-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

38.12.Төрийн аудитын дээд байгууллага нь энэ хуулийн 38.13-т заасан тайлан, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнөөс эхлэн энэ хуульд заасны дагуу нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал өөрийн байгууллагын цахим хуудаст нээлттэйгээр байршуулна. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

38.13.Төрийн аудитын дээд байгууллага нь нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн энэ хуулийн 38.5-д заасан мөрийн хөтөлбөр, 38.7-д заасан хандивын тайланд тус бүр нэг дүгнэлт гаргана. Хандивын тайлан нь ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааг, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацааг хамаарна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

38.14.Төрийн аудитын дээд байгууллага энэ хуулийн 38.13-т заасан дүгнэлт гаргахад шаардлагатай лавлагааг холбогдох этгээдээс гаргуулан авах эрхтэй. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.