41 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх
41.1.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгогчдод тараах эрхтэй:
41.1.1.хоёр хэвлэлийн хуудас сонин; /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.1.2.хоёр хэвлэлийн хуудас сэтгүүл; /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.1.3.нэг хэвлэлийн хуудас ухуулах буюу зурагт хуудас. /Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
41.2.Нэг нам, эвслийн тойрогт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалаа нэгдмэл байдлаар хамтран гаргаж болно. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
41.3.Зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.4.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 41.3-т заасан байршил тогтоохдоо аливаа нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр заахыг хориглоно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.5.Энэ хуулийн 41.3-т заасны дагуу тогтоосон байршилаас өөр газарт зурагт самбар байршуулахыг хориглоно. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.6.Нэр дэвшигч нь ухуулах хуудсыг нэг хэсэгт 20-оос илүүгүй байршуулах бөгөөд гудамж талбайд байрлуулахдаа цавуу, цавуулаг эд зүйл ашиглан тогтоож, орчин бохирдуулахыг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
41.7.Ухуулах хуудас нэг хэвлэлийн хуудас хүртэлх хэмжээнээс илүүгүй байна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
41.8."Нэг хэвлэлийн хуудас" гэж А4 бичгийн цаасны найман нүүрийг ойлгоно.
41.9.Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй. /Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./ /Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Улсын Их Хурлын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./ /Энэ хэсгийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
41.10.Сурталчилгааны хэвлэмэл материалыг шуудангаар хүргүүлж болно.
41.11.Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж, талбайд байрлуулсан зурагт самбарыг гэмтээх, устгахыг хориглоно. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.12.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нэр дэвшигчийн танилцуулга, намтар, нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг нэгтгэн хэвлэж, сонгогчдод хүргэх ажлыг зохион байгуулж болно. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
41.13.Өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд нийтлүүлэх сурталчилгааны материал энэ хуулийн 41.1.1, 41.1.2-т заасан хэмжээнд хамаарна.
41.14.Энэ хуулийн 39.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн үнийн дунджаас хэтрэхгүй байна.
41.15.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг бүхэлд нь брайль үсэгтэйгээр хэвлүүлж болно. Брайль үсэг бүхий хэвлэмэл материал энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасан хэмжээнд хамаарахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
41.16.Нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны нэгдсэн хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй байна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./