51 дугаар зүйл. Сонгуулийн зардлын данс
51.1.Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна.
51.2.Нам аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбартай бол тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт сонгуулийн зардлын данстай байж болно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
51.3.Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
51.4.Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
51.5.Эвслийн сонгуулийн зардлын данс тухайн эвсэл тарах хүртэл хугацаанд ашиглагдана.
51.6.Сонгуулийн зардлын дансанд хуримтлагдах хөрөнгийн хэмжээнд тусгайлан хязгаар тогтоохгүй боловч тухайн сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн зардлын данснаас зарцуулах зардлын хэмжээ энэ хуульд заасны дагуу тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээнээс хэтрэхгүй.
51.7.Энэ хуульд тусгайлан зааснаас бусад хугацаанд нам, эвсэл сонгуулийн зардлын дансаа битүүмжлүүлэх бөгөөд зөвхөн орлого оруулахыг зөвшөөрнө.
51.8.Сонгуулийн зардлын дансны зарлагын битүүмжлэлийг энэ хуульд заасан хугацаагаар нээж өгөх хүсэлтийг нам, эвслийг бүртгэсэн тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн хамт банканд хүргүүлснээр тухайн банк сонгуулийн зардлын дансны битүүмжлэлийг нээнэ.