61 дугаар зүйл. Саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

61 дугаар зүйл. Саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах

61.1.Сонгуулийн ерөнхий хороо улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн саналын хуудасны тоо, загварыг баталж, үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөлтэй, тагнуулын байгууллагаас олгосон аюулгүй байдлын гэрчилгээ бүхий хуулийн этгээдээр хэвлүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

61.2.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.

61.3.Саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн болон төрийн тусгай хамгаалалтын асуудал эрхэлсэн байгууллага хариуцах бөгөөд тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллана.

61.4.Саналын хуудас санал авах өдөр хүртэл, санал авч эхэлснээс хойш санал тоолж дуусах хүртэл, санал авах ажиллагаа дууссанаас хойш холбогдох журмын дагуу аймаг, нийслэлийн архивт хүлээлгэн өгөх хүртэл цагдаагийн хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтад байна.

61.5.Санал хураалт дууссаны дараа саналын хуудаст агуулагдсан мэдээллийн үнэн зөв, аюулгүй байдлыг хангах зорилгоор саналын хуудсыг битүүмжлэх бөгөөд битүүмжлэлийг задлахгүйгээр сонгуулийн бусад бичиг баримтын хамт аймаг, нийслэлийн архивт хадгална.

61.6.Архивт хадгалсан саналын хуудасны битүүмжлэлийг гагцхүү шүүхийн шийдвэрийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл, хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан, цагдаагийн байгууллагын хяналттайгаар нээж болно. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

61.7.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах журмыг баталж, мөрдүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.