62 дугаар зүйл. Санал авах байр, хугацаа
62.1.Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.
62.2.Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу санал авахад шаардлагатай дараах зүйлийг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэгтэй:
62.2.1.санал авах байр;
62.2.2.сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах бүхээг;
62.2.3.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах бүхээг;
62.2.4.суурин болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг;
62.2.5.сонгогчийн бүртгэлийн мэдээллийг ажиглагчид үзүүлэх дэлгэц;
62.2.6.хууль тогтоомжид заасан бусад.
62.3.Харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрд байна.
62.4.Санал авах байранд сонгогчоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хэсэг дэх сонгогчийн тооноос хамааран хоёроос доошгүй тооны санал бэлтгэх бүхээг байх бөгөөд санал авах байр бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгэсэн байна.
62.5.Санал авах байр тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна.
62.6.Нэг барилга байгууламж, цогцолборт хэд хэдэн санал авах байр байрлаж болно.
62.7.Хэсгийн хороо нь санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны зураглалыг 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.
62.8.Санал авах байрын байршлыг нийтийн эмх замбараагүй байдал, үер ус, гал түймэр зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлөөр өөрчилж болох бөгөөд энэ тухай сонгогчдод нэн даруй мэдээлнэ.
62.9.Санал авах ажиллагааг зохион байгуулах, санал авах байр бэлтгэх заавар, түүнчлэн саналын хайрцаг, санал бэлтгэх бүхээгийн хэмжээ, загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
62.10.Санал авах байранд санал тоолох төхөөрөмж, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл болон саналын хуудас хүлээн авснаас хойш тухайн санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.
62.11.Санал авах байрны хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах зорилгоор санал авах байранд хяналтын камер байрлуулна. Төв суурин газраас алслагдсан баг дахь санал авах байранд хяналтын камер байрлуулж болно. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
62.12.Энэ хуулийн 62.11-д заасан хяналтын камерыг сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахгүйгээр байрлуулж, сонгогчийг бүртгэх болон санал өгөх орчинд явагдаж байгаа үйл ажиллагааг баримтжуулна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
62.13.Санал авах байранд байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах журмыг цагдаагийн төв байгууллага Сонгуулийн ерөнхий хороотой хамтран батална. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./