10 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах

10.1.Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.5, 9.14-т заасан тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авч дараах ажиллагааг явуулна: /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

10.1.1.өргөдлийг бүртгэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх;

10.1.2.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах;

10.1.3.хүсэлт гаргагч нь энэ хуулийн 8.1-д заасан нөхцөлийг хангасан эсэхийг шалгасны үндсэн дээр тухайн нөхцөлийг хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрөл олгож болох тухай мэдэгдлийг өгч, ажлын таван өдрийн дотор олгох.

10.2.Харилцаа холбооны тухай хуулийн 14.2, Радио долгионы тухай хуулийн 11.2.2-т зааснаас гадна доор дурдсан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж болно:

10.2.1.хүсэлт гаргагч энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй;

10.2.2.тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн бүрдүүлбэр хангаагүй;

10.2.3.хүсэлт гаргагчийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, техник төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний төлөвлөлт хангагдаагүй, хөтөлбөрийн бодлого нь энэ хууль болон бусад хууль тогтоомжтой нийцээгүй.

10.3.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь дахин өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан бол тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан байна.

10.4.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлээ тодорхой заасан хариуг бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр өгнө. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.5.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг ажлын гурван өдрийн дотор олон нийтэд мэдээлнэ.

10.6.Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.2, 9.6, 9.7, 9.9-д заасан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.7.Сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг олон нийтэд ил тод мэдээлэх бөгөөд энэ хугацааг нэг удаа 14 хоногоор сунгаж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.8.Сонгон шалгаруулалтад энэ хуульд заасан шаардлагаас гадна дараах нөхцөлийг харгалзан үзнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.8.1.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлага хангасан байдал; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.8.2.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ хүргэхээр төлөвлөсөн энэ хуулийн 8.1.1-д заасан стратеги төлөвлөгөө нь төрөөс баримтлах бодлого, энэ хуульд заасан зарчим, шаардлагыг хангасан байдал; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.8.3.зохицуулалтын чиглэлийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлснээр үүсэх үр дүн; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.8.4.үйлчилгээний төлөвлөлт, хөтөлбөр, техник, технологийн сонголт нь энэ хуулийн Тавдугаар бүлэгт заасан тавигдах шаардлагыг хангасан байдал; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.8.5.өрсөлдөөн, зах зээлд үзүүлэх нөлөө. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.9.Энэ хуулийн 10.8-д заасан нөхцөлийн дагуу үнэлгээ өгч, хамгийн өндөр үнэлгээ авсан этгээдэд тусгай зөвшөөрөл олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.10.Энэ хуулийн 10.9-д заасны дагуу шалгарсан этгээд эрх бүхий этгээдээс шалгарсан тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор гэрээг байгуулаагүй тохиолдолд дараагийн хамгийн өндөр үнэлгээ авсан этгээдтэй гэрээ байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.11.Энэ хуулийн 10.6-д заасан сонгон шалгаруулалтаар нэг этгээд хүсэлт ирүүлсэн бол тухайн этгээд хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд шалгарсан тухай мэдэгдэл хүргүүлнэ. Мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.12.Дараах тохиолдолд сонгон шалгаруулалтыг дахин зарлана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.12.1.энэ хуулийн 10.7-д заасан хугацаанд хүсэлт ирүүлээгүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.12.2.сонирхогч этгээдийн ирүүлсэн хүсэлт хуульд заасан шаардлага хангаагүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.12.3.энэ хуулийн 10.10-т заасан хугацаанд гэрээ байгуулаагүй. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.13.Энэ хуулийн 10.12.1-д заасны дагуу зарласан сонгон шалгаруулалтад сонирхогч этгээд хүсэлт ирүүлээгүй бол тухайн жилд дахин сонгон шалгаруулалт зарлахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.14.Тусгай зөвшөөрөлтэй холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.