16 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
16.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.2.Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 4-т заасан журмаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, шийдвэр гаргаснаас хойш ажлын гурван өдөрт багтаан цахим хуудсаар нийтэд мэдээлэх бөгөөд түүнд тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон үндэслэлийг тодорхой заана. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.3.Энэ хуулийн 16.2-т заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг Зохицуулах хороонд ирүүлнэ.
16.4.Зохицуулах хороо энэ хуулийн 16.3-т заасан нотлох баримт бичгийг хянаж үндэслэлтэй гэж үзвэл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шийдвэрийг хүчингүй болгох бөгөөд үндэслэлгүй гэж үзвэл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, энэ тухай шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.
16.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 16.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.