19 дугаар зүйл. Эзэмшлийн ил тод байдлыг хангах
19.1.Өргөн нэвтрүүлгийг хараат бус, нээлттэй, ёс зүйтэй байлгах зорилгоор өргөн нэвтрүүлгийн эзэмшлийг ил тод байлгана.
19.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь Зохицуулах хороонд жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор тусгай зөвшөөрлийн эзэмшлийн талаарх дараах мэдээллийг хүргүүлнэ:
19.2.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн гаргасан хувьцааных нь тав ба түүнээс дээш хувийг эзэмшигчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, компанийн эрх бүхий албан тушаалтны жагсаалт;
19.2.2.эзэмшиж байгаа өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нэр, төрөл, тоо, үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;
19.2.3.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий бусад хуулийн этгээдэд эзэмшиж байгаа хувьцааны тоо, хувь хэмжээ, хэрэв нөхөрлөл бол оруулсан эд хөрөнгийн хэмжээ.
19.3.Гаргасан хувьцааных нь тав ба түүнээс дээш хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч болон компанийн эрх бүхий албан тушаалтан өөрчлөгдсөн тохиолдолд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь энэ тухай 30 хоногийн дотор Зохицуулах хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.4.Зохицуулах хороо энэ хуулийн 19.2, 19.3-т заасан мэдээлэлтэй танилцаад өргөн нэвтрүүлгийн салбарт шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээг энэ хуулийн 18.2-т заасан журмын дагуу авч хэрэгжүүлнэ.
19.5.Тусгай зөвшөөрлийн эзэмшлийн талаарх мэдээллийг Зохицуулах хороо олон нийтэд мэдээлнэ.
19.6.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн эзэмшлийн мэдээллийг Зохицуулах хороонд гаргаж өгөөгүй, нуусан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.