20 дугаар зүйл. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх
20.1.Төрөөс өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, радио, телевизийн үндэсний бүтээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаар дамжуулан дараах чиглэлээр дэмжлэг үзүүлнэ:
20.1.1.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ард иргэдэд алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт хүртээмжтэй хүргэх;
20.1.2.үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх;
20.1.3.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл үйлдвэрлэлийг дэмжих.
20.2.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх санг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
20.3.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаас радио, телевизэд хөрөнгө хуваарилах шалгуур үзүүлэлтэд үндэсний бүтээлийн хувь хэмжээний шаардлага хангасан болон олон нийтэд хүртээмжтэй байдлыг харгалзана.
20.4.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэхгүй.
20.5.Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээнд холбогдох, хөтөлбөр дамжуулахад дараах зарчмыг баримталж, хоорондоо байгуулсан гэрээгээр зохицуулна:
20.5.1.техник холболтын зааглах цэг, нөхцөлийг тогтооход Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.4-т заасан журмыг баримтлах;
20.5.2.олон нийтийн радио, телевизийн үндсэн суваг болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь харилцан төлбөр төлөхгүй зарчмаар холбогдох;
20.5.3.өргөн нэвтрүүлгийн радио, телевизүүд нь энэ хуулийн 6.1.2-т заасан үйлчилгээний үндсэн багцын өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авах;
20.5.4.бусад арилжааны радио, телевиз болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь харилцан тохиролцох.
20.6.Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн заавал гишүүнчлэлтэй, нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын телевизүүдийн холбоо /цаашид "Холбоо" гэх/ нь энэ хуулийн 20.5.3-т заасан хөлсийг төвлөрүүлж, өргөн нэвтрүүлгийн телевизийн үзэлтийн судалгааг үндэслэн гишүүдэд хуваарилна.
20.7.Холбоо нь энэ хуулийн 20.5.3-т заасан хөлсийг гишүүддээ хуваарилах журам баталж, орлогын хуваарилалтад жил бүр аудит хийлгэнэ.
20.8.Энэ хуулийн 20.5.3-т заасан хөлс нь олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн албан татвар ногдох орлогоос хасагдана.
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА