30 дугаар зүйл. Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх, үүрэг

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх, үүрэг

30.1.Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны талаар Зохицуулах хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

30.1.1.өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;

30.1.2.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийг олон нийтэд ил тод мэдээлэх, хэт төвлөрөл бий болохоос сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

30.1.3.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж, жил бүр үнэлэлт, дүгнэлт гаргах;

30.1.4.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

30.1.5.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч хоорондын орлого хуваах зарчмыг тодорхойлох;

30.1.6.энэ хуулийн 23.5-д заасан хөтөлбөрт тавигдах шаардлагыг батлах;

30.1.7.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээтэй холбогдсон дараах дүрэм, журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих:

30.1.7.а.хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм;

30.1.7.б.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам;

30.1.7.в.олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам;

30.1.8.радио, телевизийн хөтөлбөрт тавигдах энэ хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан шаардлагын хэрэгжилтэд хяналт, мониторинг хийх;

30.1.9.өргөн нэвтрүүлгийн зах зээлийн багтаамж, хүн амын тоо, нягтрал, эрэлт хэрэгцээ, өрсөлдөөний нөхцөл байдлын талаарх судалгаанд үндэслэн тусгай зөвшөөрлийн тоог тогтоох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

30.1.10.хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

30.1.11.хуульд заасан бусад. /Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.