13 дугаар зүйл. Орон нутгийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулах

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Орон нутгийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулах

13.1.Сонгогчийн санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.2.Сонгуулийн хэсэг байгуулахдаа улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгогчийн тоог үндэслэнэ.

13.3.Хэсэг нь суманд 2000-аас дээшгүй, аймгийн төвийн сум болон дүүрэгт 3000-аас илүүгүй сонгогчтой байх бөгөөд нэг хэсэгт байх сонгогчийн тоо 200-аас доошгүй байна.

13.4.Сонгогчийн тооноос хамааран баг, хороог хувааж сонгуулийн хэсэг байгуулж болох бөгөөд хороог бусад хороотой нэгтгэж хэсэг байгуулахыг хориглоно.

13.5.Энэ хуулийн 13.1-д заасны дагуу байгуулагдсан хэсгийн сонгогчдыг онцгой нөхцөл байдлын улмаас зохион байгуулалттайгаар тухайн хэсгээс тусгаарлах, хэсгийг нэгтгэх, шинээр байгуулах асуудлыг санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлөөр шийдвэрлэж болно.

13.6.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг байгуулсан өдрөөс хойш тав хоногийн дотор энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.7.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс энэ хуулийн 13.6-д заасан мэдээллийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн тав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

13.8.Энэ хуулийн 13.7-д заасан мэдээллийг үндэслэн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэсгийн дугаарыг улсын хэмжээнд давхардахгүй байхаар тогтооно.

13.9.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн бүтэц, нэр, дугаарт өөрчлөлт оруулахыг хориглоно.

13.10.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан хэсгийг энэ хуульд зааснаас бусад тохиолдолд дараагийн ээлжит сонгууль хүртэл хугацаанд өөрчлөхгүй.

СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.