12 дугаар зүйл. Орон нутгийн Хурлын сонгуулийн тойрог байгуулах
12.1.Тухайн шатны Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Хурлын төлөөлөгчийн тоонд үндэслэн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
12.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид "аймгийн Хурал" гэх/-ын сонгуулийг явуулахад аймгийн төвийн баг болон сум тус бүр нь сонгуулийн тойрог болно. Сумын хүн амын тоо нь 5000-аас дээш бол нэмж сонгуулийн тойрог байгуулж болно.
12.3.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид "нийслэлийн Хурал" гэх/-ын сонгуулийг явуулахад хоёр буюу хэд хэдэн хороог нэгтгэн нэг тойрог болгон зохион байгуулж болно.
12.4.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид "дүүргийн Хурал" гэх/-ын сонгууль явуулахад дүүргийн хороог дангаар нь, эсхүл хэд хэдэн хороог нэгтгэн сонгуулийн тойрог болгон зохион байгуулж болно.
12.5.Сумын баг бүр нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид "сумын Хурал" гэх/-ын сонгуулийн тойрог болно.
12.6.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн тойргийг дараагийн ээлжит сонгууль хүртэл хугацаанд өөрчлөхийг хориглоно.
12.7.Тойрог нь аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.8.Тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна.