17 дугаар зүйл. Сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэн эрх
17.1.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.
17.2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус, нөхөн сонгуулиар тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.3.Сум, дүүргийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.3.1.сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;
17.3.2.сум, дүүргийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох;
17.3.3.сум, дүүргийн Хурлын сонгуулийн саналын хуудаст бичигдэх нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тулган нягталж, баталгаажуулан үнэн зөвийг хариуцах;
17.3.4.сум, дүүргийн Хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх;
17.3.5.сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх;
17.3.6.нутаг дэвсгэртээ явагдсан аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн дүнг нэгтгэж, дээд шатны сонгуулийн хороонд хүргэх;
17.3.7.сум, дүүргийн Хурлын нэмэлт санал хураалт, ээлжит бус, дахин болон нөхөн сонгууль зохион байгуулж явуулах ажлыг эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;
17.3.8.харьяалах хэсгийн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;
17.3.9.аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, харьяалах хэсгийн хорооны үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах зардлыг гаргах, зарцуулалтад хяналт тавих;
17.3.10.өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж, хариуг бичгээр өгөх;
17.3.11.харьяалах хэсгийн хорооноос ирүүлсэн санал хураалтын дүнг нэгтгэж, харьяалагдах аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргэх;
17.3.12.дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;
17.3.13.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу гаргаж, харьяалагдах аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;
17.3.14.саналын хуудас болон сонгуульд ашиглах техник хэрэгслийг хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих;
17.3.15.энэ хуулийн 9.10-т заасны дагуу дахин сонгуулийг товлон зарлах;
17.3.16.хуульд заасан бусад.