20 дугаар зүйл. Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх
20.1.Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана.
20.2.Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бичнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.3.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс нь тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулсан нутаг дэвсгэр, төвийн мэдээллийг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь тухайн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчдын бүртгэлтэй тулган шалгаж улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.4.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс эхэлж орон нутгийн Хурлын сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.5.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчийг энэ хуулийн 20.4-т заасан цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангана.
20.6.Доор дурдсан байгууллага дараах иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс болон бусад шаардлагатай мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.6.1.эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Улсын дээд шүүх;
20.6.2.хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;
20.6.3.60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг хил хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
20.6.4.тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч санал авах өдөр харьяа тусгай анги, салбарт нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг хил хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
20.6.5.тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага;
20.6.6.тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, дотоодын цэргийн анги, нэгтгэлд нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг цагдаагийн төв байгууллага;
20.6.7.тухайн жилд Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага.
20.7.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 20.6-д заасан мэдээллийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
20.8.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.6.1, 20.6.2, 20.6.3, 20.6.4, 20.6.5, 20.6.6-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалгүйгээр "Тайлбар" хэсэгт "Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийх бөгөөд нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй.
20.9.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.4-т заасны дагуу цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ:
20.9.1.сонгогчоос энэ хуулийн 20.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;
20.9.2.энэ хуулийн 24.3-т заасан хугацаанаас өмнө хийгдсэн сонгогчийн байнга оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт;
20.9.3.сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хүйс, иргэний бүртгэлийн дугаар зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлт; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.9.4.нас барсан иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;
20.9.5.энэ хуулийн 20.6-д заасан иргэдийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлт.
20.10.Хэсгийн хороо нь сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, байргүй бол сум, хорооны Засаг даргын тамгын газрын байранд сонгогчийн өөрт нь холбогдох мэдээлэлтэй чөлөөтэй танилцах бололцоо олгоно.
20.11.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.
20.12.Сонгогчдын нэрийн жагсаалт нь зөвхөн нэг нэрийн жагсаалтаас бүрдэх бөгөөд энэ хуульд заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалт шинээр үйлдэх, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.
20.13.Сонгогчдын нэрийн жагсаалт цаасан болон цахим хэлбэртэй байх бөгөөд сонгогчийг зөвхөн сонгуулийн нэг хэсэгт бүртгэнэ.
20.14.Сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.
20.15.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах, давхардал, зөрчлийг арилгах, танилцуулах журам болон маягт, загварыг энэ хуульд нийцүүлэн батална.
20.16.Энэ хуулийн 20.1-д заасан үйл ажиллагааг зохион байгуулахад төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, холбогдох бусад байгууллага энэ хууль болон бусад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцож, улсын бүртгэлийн байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.