21 дугаар зүйл. Ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх
21.1.Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгогчийн тоог үндэслэн сонгуулийн хэсгийг ээлжит бус сонгууль товлон зарласнаас хойш 15 хоногийн дотор байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.2.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг ээлжит бус сонгууль товлон зарласнаас хойш 50 хоногийн дараагаас эхлэн сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна.
21.3.Энэ хуулийн 20.6-д заасан байгууллага холбогдох мэдээллийг санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
21.4.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 21.3-т заасны дагуу ирүүлсэн мэдээллийг хүлээн авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
21.5.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад энэ хуулийн 20.9-д заасан өөрчлөлтийг тусгана.
21.6.Энэ хуулийн 21.5-д заасны дагуу өөрчлөлтийг тусгасан сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ.
21.7.Ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэхэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмыг баримтална.