50 дугаар зүйл. Сонгуулийн зардлын данс
50.1.Нам, эвсэл тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгтээ сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
50.2.Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ.
50.3.Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.
50.4.Эвслийн сонгуулийн зардлын данс тухайн эвсэл тарах хүртэл хугацаанд ашиглагдана.
50.5.Сонгуулийн зардлын дансанд хуримтлагдах хөрөнгийн хэмжээнд тусгайлан хязгаар тогтоохгүй боловч тухайн сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн зардлын данснаас зарцуулах зардлын хэмжээ нь энэ хуульд заасны дагуу тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээнээс хэтрэхгүй.
50.6.Энэ хуульд тусгайлан зааснаас бусад хугацаанд нам, эвсэл сонгуулийн зардлын дансаа битүүмжлүүлэх бөгөөд зөвхөн орлого оруулахыг зөвшөөрнө.
50.7.Сонгуулийн зардлын дансны зарлагын битүүмжлэлийг энэ хуульд заасан хугацаагаар нээж өгөх хүсэлтийг нам, эвслийг бүртгэсэн тухай сонгуулийн хорооны шийдвэрийн хамт банканд хүргүүлснээр тухайн банк сонгуулийн зардлын дансны битүүмжлэлийг нээнэ.