9 дугаар зүйл. Орон нутгийн Хурлын сонгууль товлон зарлах

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Орон нутгийн Хурлын сонгууль товлон зарлах

9.1.Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.

9.2.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна.

9.3.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна.

9.4.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас орон нутгийн Хурлын ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно.

9.5.Сонгууль товлон зарласны дараа энэ хуулийн 9.4-т заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.

9.6.Энэ хуулийн 9.4, 9.5-д заасан онцгой нөхцөл арилсны дараа Монгол Улсын Их Хурал ажлын долоон өдөрт багтаан, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлана.

9.7.Бүрэн эрх нь дуусгавар болж байгаа тухайн орон нутгийн Хурал ээлжит бус сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 10 өдрийн дотор, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн ээлжит бус сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.8.Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш 60 хоногт багтаан товлон зарлана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.9.Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.

9.10.Энэ хуулийн 9.9-д заасан хугацаанд тухайн шатны сонгуулийн хороо дахин сонгуулийг санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлах, нөхөн болон дахин сонгуулийг энэ хуульд нийцүүлэн зохион байгуулах үүрэгтэй.

9.11.Дахин сонгууль зохион байгуулах тухайн шатны сонгуулийн хороо нь татан буугдсан, эсхүл бүрэлдэхүүнгүй болсон бол Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд нийцүүлэн тухайн шатны сонгуулийн хороог байгуулна.

9.12.Орон нутгийн Хурлын сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хороо батална.

9.13.Энэ хуулийн 9.10-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасны дагуу төрийн албанаас хална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.