10 дугаар зүйл. Сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа
10.1.Орон нутгийн Хурлын сонгууль зохион байгуулахтай холбогдсон доор дурдсан зардлыг Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт тусгаж, улсын төсвөөс санхүүжүүлнэ:
10.1.1.сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны зардал;
10.1.2.нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, менежер, ухуулагч болон сонгуулийн ажиглагчийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн таних тэмдэг, саналын хуудас, сонгуулийн дүн, мэдээний маягт, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороод /цаашид "сонгуулийн хороо" гэх/-ын албан бичгийн хэвлэмэл хуудас, үнэмлэх, батламж хэвлүүлэх, төрийн далбаа, тэмдэг хийлгэх, бэлтгэх, хүргэх зардал;
10.1.3.санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, программ хангамж, санал тэмдэглэх хэрэгсэл худалдан авах, түрээслэх, ашиглах, хамгаалах, хадгалах, засвар үйлчилгээ хийх, тээвэрлэх, даатгал, лицензийн төлбөр, санал хураалтын дүнгийн мэдээ дамжуулах зардал;
10.1.4.саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтас, брайль хавтас, дугтуй, саналын хуудасны уут, лац болон тэдгээрийг худалдан авах, тээвэрлэх зардал;
10.1.5.саналын хайрцаг хийх, хүргэх, сонгуулийн хэсгийн хороодын ажиллах болон санал авах байр бэлтгэх зардал;
10.1.6.сонгуулийн хууль тогтоомж болон сонгууль зохион байгуулахтай холбогдсон эрх зүйн бусад акт, гарын авлага, сургалт, сурталчилгааны материал боловсруулах, хэвлэх, хүргэх, архивын баримт үүсгэх, устгах зардал;
10.1.7.сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах болон сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажлын явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах арга хэмжээний зардал;
10.1.8.байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнуудад гэрчилгээ олгох сургалт зохион байгуулах зардал;
10.1.9.сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалтын зардал;
10.1.10.сонгуулийн хорооны ажилтан, мэдээллийн технологийн багийн болон ажлын хэсгийн гишүүн, даамал, нөөц даамлын ажилласан хугацааны мөнгөн урамшуулал, хоолны зардал;
10.1.11.сонгуулийн хорооны бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;
10.1.12.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;
10.1.13.дахин болон нэмэлт санал хураалт явуулах зардал;
10.1.14.энэ хуулийн 45, 46 дугаар зүйл, 47.10-т заасан сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулахтай холбогдон гарах зардал;
10.1.15.сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах бусад зардал.
10.2.Орон нутгийн Хурлын сонгууль зохион байгуулахтай холбогдсон доор дурдсан зардлыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тухайн жилийн төсөвт тусгаж, улсын төсвөөс санхүүжүүлнэ:
10.2.1.сонгогчийг бүртгэх, түүнийг таньж оруулах техник хэрэгсэл, сэлбэг, программ хангамж худалдан авах, түрээслэх, ашиглах, хадгалах, хамгаалах, засвар үйлчилгээг хийх, тээвэрлэх, даатгал хийлгэх зардал, лицензийн төлбөр;
10.2.2.сонгогчийн нэрийн жагсаалт үйлдэх, түүнийг цахим хуудаст байршуулах, хэвлэх, хүргэх, мэдээлэл, сурталчилгаа явуулах, түүнтэй холбогдон гарах бусад зардал;
10.2.3.улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн болон гэрээт ажилтны мөнгөн урамшуулал, хоол, холбоо, унаа, томилолтын зардал;
10.2.4.улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн болон гэрээт ажилтны сургалт зохион байгуулах, түүнтэй холбогдон гарах бусад зардал;
10.2.5.сонгогчийг бүртгэх техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын ажилтны томилолт, унааны зардал, техник тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн шуурхай багийн ажилтны мөнгөн урамшуулал, хоолны зардал;
10.2.6.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;
10.2.7.сонгуулийг зохион байгуулахтай холбогдон гарах бусад зардал.
10.3.Орон нутгийн Хурлын сонгууль зохион байгуулахтай холбогдсон доор дурдсан зардлыг цагдаагийн байгууллагын тухайн жилийн төсөвт тусгаж, улсын төсвөөс санхүүжүүлнэ:
10.3.1.саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хамгаалах, хүргүүлэх үеийн хамгаалалт, санал авах байр болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, дүн дамжуулах үеийн хамгаалалт, техник хэрэгсэл, шатахууны зардал;
10.3.2.цагдаагийн алба хаагчийн томилолт, унаа, мөнгөн урамшуулал, хоолны зардал.
10.4.Төрийн аудитын дээд байгууллага, онцгой байдлын, тагнуулын, төрийн тусгай хамгаалалтын болон шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын орон нутгийн Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдон гарах улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг тухайн жилийн төсөвт тусгана.
10.5.Орон нутгийн Хурлын сонгууль зохион байгуулахтай холбогдсон нэмэлт зардал шаардлагатай тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Төсвийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.
10.6.Орон нутгийн Хурлын ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах энэ хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан байгууллагуудын зардлыг Монгол Улсын Их Хурал баталж улсын төсвөөс санхүүжүүлнэ.
10.7.Монгол Улсын Их Хурлаас баталсан орон нутгийн Хурлын ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
10.8.Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4, 10.5, 10.6, 10.7-д заасан зардлын төлөвлөлт, зарцуулалт, гүйцэтгэлд төрийн аудитын байгууллага хяналт тавьж, аудит хийж, дүгнэлт гаргана.
10.9.Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо батлагдсан төсвийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл болон программ хангамж худалдан авахтай холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдтэй сонгон шалгаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах ба үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
10.10.Санал хураалт дууссанаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 10.1-д заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо тайланг нэгтгэж, 60 хоногийн дотор Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
10.11.Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн хороодын тайланд тухайн орон нутаг дахь төрийн аудитын салбар байгууллагаар дүгнэлт гаргуулна.
СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ