МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ

Төр, засаглал · 41 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тодорхойлж, Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн боловсролыг олон нийтэд түгээх, дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хууль тогтоомж

2.1.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс" гэж Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллагыг;

3.1.2."эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх" гэж эрүү шүүлт тулгах болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх хараат бус, бие даасан, цогц үйл ажиллагааг.

ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО

4 дугаар зүйл. Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хүндэтгэх зарчим

4.1.Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, хөгжлийн бодлогын баримт бичиг, төрийн байгууллагын үйл ажиллагаа нь хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэхэд чиглэсэн байна.

4.2.Энэ хуулийн 5.1-д заасан байгууллага хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хүндэтгэх зарчмыг удирдлага болгоно.

5 дугаар зүйл. Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо

5.1.Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, шүүх, прокурор, Үндсэн хуулийн цэц, төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комиссоос бүрдэнэ.

5.2.Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагыг оролцуулж болно.

6 дугаар зүйл. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

6.1.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс /цаашид "Комисс" гэх/ улсын төсвөөс санхүүжнэ. Комиссын дарга жилийн төсвийн төслийг төлөвлөн Улсын Их Хурлын даргад хүргүүлэх бөгөөд төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ. Комиссын дарга Байнгын хороогоор зөвшөөрөгдсөн төсвийн төслийг улсын нэгдсэн төсвийн төсөлд нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасан хугацаанд хүргүүлнэ.

6.2.Комиссын төсөв үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байх бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн боловсролыг олон нийтэд түгээх, дэмжих, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрэгжүүлэх, шинжээч томилон ажиллуулахад шаардагдах зардал болон бусад зардлыг санхүүжүүлэхэд зарцуулагдана.

6.3.Комисс үйл ажиллагаа явуулах байртай байна.

6.4.Комисс соёмбо бүхий тамга, тогтоосон журмаар үйлдсэн тэмдэгтэй байх бөгөөд төрийн сүлд бүхий хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Комисс нь бэлгэдэлтэй байж болох бөгөөд түүнийг хэрэглэх журмыг Комиссын хуралдаанаар батална.

7 дугаар зүйл. Комиссын чиг үүрэг

7.1.Комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

7.1.1.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлаар санал, зөвлөмж гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлэх;

7.1.2.хууль тогтоомж, захиргааны байгууллагын шийдвэрийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал гаргах;

7.1.3.хүний эрхийн талаарх олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах эсэх талаар санал хүргүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөл болон гэрээний хороодод мэдээлэл хүргүүлэх;

7.1.4.хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах;

7.1.5.хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх;

7.1.6.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах;

7.1.7.хүний эрхийн асуудлаар төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээд болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

7.1.8.шаардлагатай асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ашгийн төлөө бус хуулийн этгээдээр судалгаа хийлгэх, тухайлсан асуудлаар мэргэшсэн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;

7.1.9.жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

7.1.10.хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.1.11.төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийн хэрэгжилтэд энэ хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих; /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.12.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлэх. /Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8 дугаар зүйл. Комиссын үйл ажиллагааны үндсэн зарчим

8.1.Комисс үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:

8.1.1.хүний эрх, эрх чөлөөг дээдлэх;

8.1.2.хүртээмжтэй байх;

8.1.3.шударга, ил тод байх;

8.1.4.хараат бус, бие даасан байх.

9 дугаар зүйл. Комисс Монгол Улсын Их Хуралтай харилцах

9.1.Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлнэ.

9.2.Комиссын илтгэлийг жил бүрийн Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, илтгэлээр өгсөн санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурал тогтоол гаргана.

10 дугаар зүйл. Комисс Засгийн газартай харилцах

10.1.Засгийн газар Комиссын төсвийн төслийг энэ хуулийн 6.1, 6.2-т заасан журмын дагуу улсын нэгдсэн төсвийн төсөлд тусгана.

10.2.Комиссын дарга Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайдын хүсэлтээр хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар зөвлөх эрхтэйгээр оролцож болно.

10.3.Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудалд санал өгсөн тохиолдолд Комиссын даргыг хуралдаанд байр сууриа илэрхийлэхээр оролцуулж болно.

10.4.Комисс олон улсын хүний эрхийн гэрээнд нэгдэн орох асуудлаар байр сууриа илэрхийлэх, Монгол Улсын олон улсын хүний эрхийн гэрээний биелэлтийг хангуулах Засгийн газрын илтгэлд санал, зөвлөмж өгч болно.

11 дугаар зүйл. Комисс прокурорын байгууллагатай харилцах

11.1.Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд гэмт хэргийн нөхцөл байдал, түүний шалтгаан, нөхцөлийн талаар статистик мэдээллийг прокурорын байгууллагаас гаргуулах болон бусад хэлбэрээр хамтран ажиллана.

12 дугаар зүйл. Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, томилох

12.1.Комисс зургаан гишүүнтэй байна.

/Энэ хэсэгт 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.2.Комиссын гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна:

12.2.1.хууль зүйн өндөр мэргэшилтэй;

12.2.2.хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай.

12.3.Гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 60-аас доошгүй хоногийн өмнө Хууль зүйн байнгын хорооноос Комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

12.4.Энэ хуулийн 12.2-т заасан шаардлагыг хангасан иргэн сонгон шалгаруулалтыг нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор нэр дэвших тухай хүсэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ.

12.5.Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг байгуулж, 60 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулна. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэдээс сул орон тоо гарсан гишүүний тоогоор нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.6.Хууль зүйн байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж, Комиссын гишүүнээр томилох саналаа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, томилох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

12.7.Комиссын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол 14 хоногийн дотор энэ хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан иргэдээс дарааллын зарчмаар өөр иргэний нэрийг дэвшүүлнэ.

12.8.Нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол тухайн иргэнийг дахин нэр дэвшүүлэхгүй.

12.9.Комиссын гишүүнийг томилохдоо жендэрийн тэгш байдлыг харгалзан үзэх бөгөөд энэ хуулийн 12.1-д заасан гишүүний 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна.

12.10.Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө хуульд заасан үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, огцорсон, нас барсан тохиолдолд Улсын Их Хурал 60 хоногийн дотор энэ хуульд заасны дагуу нөхөн томилно.

12.11.Комиссын гишүүн томилогдохоосоо өмнө өөр ажил, албан тушаал эрхэлж байсан бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө.

12.12.Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Хууль зүйн байнгын хороо батална.

13 дугаар зүйл. Комиссын дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа

13.1.Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна.

13.2.Комиссын гишүүний бүрэн эрх Улсын Их Хурлаас томилсноор эхэлж, дараагийн Комиссын гишүүнийг томилсноор дуусгавар болно.

13.3.Комиссын гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.

13.4.Комиссын даргыг гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар Улсын Их Хурал нэг удаа томилно.

13.5.Комиссын даргын түр эзгүйд Комиссын бүрэлдэхүүнд хамгийн удаан жил ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн зэрэг хангаж байгаа бол тэдгээрийн хамгийн ахмад гишүүн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.

13.6.Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2-т заасны дагуу Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг Комиссын гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно.

/Энэ хэсгийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.7.Энэ хуулийн 13.6-д заасан гишүүн Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилогдсон, эсхүл өөр ажил албан тушаалд сонгогдсон, томилогдсон бол Комиссын гишүүд 14 хоногийн дотор Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг сонгоно.

/Энэ хэсгийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

14 дугаар зүйл. Комиссын гишүүн тангараг өргөх

14.1.Комиссын гишүүн томилогдсоноос хойш 30 хоногийн дотор "Би Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол Улсын хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг дэмжих, хамгаалах үүргээ чин шударгаар биелүүлэхээ батлан тангараглая." хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө.

14.2.Комиссын гишүүний тангараг өргөх ёслолыг Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу зохион байгуулна.

15 дугаар зүйл. Комиссын гишүүнийг чөлөөлөх, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах

15.1.Улсын Их Хурал Комиссын гишүүнийг дараах тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлнө:

15.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр хүсэлт гаргасан;

15.1.2.өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах болсон;

15.1.3.эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос өөрөө хүсэлт гаргасан;

15.1.4.хуульд өөрөөр заагаагүй бол төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн.

15.2.Комиссын гишүүн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан, эсхүл энэ хуулийн 39.1-д заасны дагуу баривчлагдсан бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал эрх бүхий байгууллагын саналыг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.

15.3.Комиссын гишүүн гэмт хэрэгт холбогдолгүй, гэм буруугүй болохыг тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн түүний бүрэн эрхийг сэргээж Улсын Их Хурал тогтоол гаргана.

15.4.Комиссын гишүүн гэмт хэрэг үйлдсэн талаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор түүнийг Улсын Их Хурал албан тушаалаас нь огцруулна.

16 дугаар зүйл. Комиссын хуралдаан

16.1.Комиссын хуралдааныг сар тутам хуралдуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд Комиссын дарга ээлжит бус хуралдааныг тухай бүр зарлан хуралдуулж болно.

16.2.Комисс хуралдааны дэгийг өөрөө тогтооно.

16.3.Энэ хуулийн 7.1-д заасан Комиссын чиг үүрэгт хамаарах дараах асуудлыг Комиссын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ:

16.3.1.Комиссын Тамгын газрын дүрмийг баталж, орон тоо, цалингийн санг Улсын Их Хурлаас баталсан төсөвт багтаан тогтоох;

16.3.2.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн бүтэц, агуулга, илтгэлээр өгөх санал, зөвлөмжийг хэлэлцэж, шийдвэрлэх;

16.3.3.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх санал, зөвлөмжийг хэлэлцэх;

16.3.4.Комиссын стратеги болон үйл ажиллагааны жил, улирал, сарын ажлын төлөвлөгөөг тодорхойлох;

16.3.5.хяналт шалгалт, судалгааны нэгдсэн дүнг хэлэлцэх;

16.3.6.хүний эрхийн асуудлаар Комиссын нэгдмэл байр суурийг тодорхойлох.

17 дугаар зүйл. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл

17.1.Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлнэ.

17.2.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн сэдвийг Комиссын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

17.3.Засгийн газар Улсын Их Хурлын тогтоолд заасан үүргийн дагуу Комиссын илтгэлээр өгсөн санал, зөвлөмжийн биелэлтийг Улсын Их Хуралд жил бүр илтгэнэ.

КОМИССЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

18 дугаар зүйл. Комиссын гишүүний бүрэн эрх

18.1.Комиссын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1.хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдол, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар, эсхүл иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүсэлтээр шалгалт хийх;

18.1.2.хүний эрхийн асуудлаар судалгаа хийх зорилгоор төрийн байгууллага, албан тушаалтнаас бүх төрлийн баримт бичигтэй танилцах, хуулбарлан авах, шаардлагатай мэдээлэл, судалгаа гаргуулан авах;

18.1.3.хүний эрхийн асуудлаар зөвлөгөө өгөх.

18.2.Комиссын гишүүн хүний эрхийг зөрчсөн талаарх мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийж болно.

19 дугаар зүйл. Комиссын даргын бүрэн эрх

19.1.Комиссын дарга дараах эрх, үүрэгтэй:

19.1.1.Комиссыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

19.1.2.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын даргын хүсэлтээр оролцох;

19.1.3.Комисст ирсэн гомдол, мэдээллийг шийдвэрлүүлэхээр Комиссын гишүүдэд хуваарилах;

19.1.4.Комиссын Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх;

19.1.5.Комиссын дотоод зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх;

19.1.6.Комиссын дотоод үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам баталж мөрдүүлэх;

19.1.7.Комиссын хуралдааныг товлож, удирдан хуралдуулах;

19.1.8.Комиссын цахим шуудан болон утсаар гомдол, мэдээлэл хүлээж авах, хариу өгөх журмыг батлах;

19.1.9.Комиссын эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмыг батлах;

19.1.10.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ, ШАЛГАХ, ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

20 дугаар зүйл. Комисст гомдол, мэдээлэл гаргах эрх

20.1.Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө зөрчсөн талаар Монгол Улсын иргэн дангаар, эсхүл хамтарч энэ хуульд заасны дагуу гомдол, мэдээлэл гаргах эрхтэй.

20.2.Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын иргэний нэгэн адил гомдол, мэдээлэл гаргах эрх эдэлнэ.

20.3.Хүүхэд болон иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй, зарим, эсхүл бүрэн бус чадамжтай хүн өөрт хамаарах аливаа асуудлаар бие даан, эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээрээ дамжуулан гомдол, мэдээлэл гаргаж болно.

20.4.Сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүний хууль ёсны төлөөлөгч гомдол, мэдээлэл гаргаж болно.

20.5.Ашгийн төлөө бус хуулийн этгээд энэ хуулийн 20.1-д заасан эрхийг эдлэх бөгөөд төлөөлөгчөөрөө дамжуулан гомдол, мэдээлэл гаргана.

20.6.Энэ хуулийн 20.3, 20.4, 20.5-д заасан төлөөлөгч нь өөрийн бүрэн эрхийг нотолсон баримт бичигтэй байна.

21 дугаар зүйл. Гомдол, мэдээлэл гаргах хэлбэр

21.1.Гомдол, мэдээллийг төрийн албан ёсны хэлээр бичгээр, эсхүл амаар гаргана. Монгол хэл мэдэхгүй хүн эх хэлээрээ гомдол, мэдээлэл гаргаж болох бөгөөд монгол хэлээр орчуулж, зохих журмаар баталгаажуулсан байна.

21.2.Амаар биечлэн гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авахдаа тэмдэглэл үйлдэж, гомдол, мэдээлэл гаргагчаар гарын үсэг зуруулна. Хэрэв гомдол, мэдээлэл гаргагч нь бичиг, үсэг мэдэхгүй болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэл үйлдэж, гомдол, мэдээллийг хүлээн авна.

21.3.Гомдол, мэдээллийг Комиссын цахим шуудан, эсхүл тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан гаргаж болно.

22 дугаар зүйл. Гомдол, мэдээлэлд тавих шаардлага

22.1.Гомдол, мэдээлэлд дараах зүйлийг тусгасан байна:

22.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний ямар эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн болохыг заах;

22.1.2.гомдол, мэдээлэл гаргагч эцэг /эх/-ийн нэр болон өөрийн нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаараа бичиж, гарын үсгээ зурсан байх;

22.1.3.зөрчигдсөн эрх, эрх чөлөө, болсон нөхцөл байдлын талаар тодорхой дурдаж, нотлох баримтыг хавсаргасан байх;

22.1.4.гомдол, мэдээлэлд холбогдож байгаа байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, түүний удирдлага, хувь хүний нэр, хаяг, утасны дугаар холбогдох бусад баримтыг хавсаргах.

22.2.Комисс мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахгүй.

23 дугаар зүйл. Гомдол, мэдээлэл гаргах болон хянан шийдвэрлэх хугацаа

23.1.Гомдол, мэдээлэл гаргагч Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн даруй гомдол, мэдээллээ гаргана. Комисс гомдол, мэдээлэл гаргагчийн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш хоёр жил хүртэлх хугацаанд гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авна.

23.2.Комисс гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх ба нэмэлт судалгаа, шалгалт хийх шаардлагатай бол Комиссын дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно.

23.3.Комиссын бүрэн эрхэд хамаарахгүй гомдол, мэдээллийг ажлын гурван өдөрт багтаан холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ.

24 дугаар зүйл. Комиссын гишүүний гомдол, мэдээлэл хүлээн авахтай холбогдсон бүрэн эрх

24.1.Комиссын гишүүн гомдол, мэдээлэл хүлээн авах чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.1.1.гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан үзэх;

24.1.2.энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангаагүй гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах;

24.1.3.гомдол, мэдээлэл гаргагчид зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар тайлбарлах.

25 дугаар зүйл. Комиссын гишүүний гомдол, мэдээлэл шалгахтай холбогдсон бүрэн эрх

25.1.Комиссын гишүүн гомдол, мэдээлэл шалгах чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

25.1.1.гомдол, мэдээлэл гаргасан болон холбогдох иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, түүний удирдлагаас гомдол, мэдээллийн талаар бичгээр болон амаар тайлбар авах;

25.1.2.гомдол, мэдээлэл гаргагч, холбогдох иргэнийг дуудан ирүүлэх;

25.1.3.гомдол, мэдээлэлтэй холбоотой асуудлаар аль ч байгууллага, объект, хуулийн этгээдэд саадгүй нэвтрэн орж, холбогдох албан тушаалтантай биечлэн уулзах;

25.1.4.шаардлагатай нотлох баримт, албан бичиг, мэдээллийг байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах, газар дээр нь танилцах;

25.1.5.тусгай мэдлэг шаардагдсан тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;

25.1.6.байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дангаар, эсхүл төрийн эрх бүхий байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд санал болгосны үндсэн дээр хамтран шалгалт хийх;

25.1.7.хуульд заасан журмын дагуу төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй саадгүй, даруй танилцах. /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26 дугаар зүйл. Комиссын гишүүний гомдол, мэдээлэл шийдвэрлэхтэй холбогдсон бүрэн эрх

26.1.Комиссын гишүүн гомдол, мэдээлэл шийдвэрлэх чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

26.1.1.хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, зөрчих нөхцөл бүрдүүлсэн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд шаардлага, зөвлөмж хүргүүлэх;

26.1.2.иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд хуулиар тогтоосон журмын дагуу биечлэн болон төлөөлөгчөө оролцуулах;

26.1.3.хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзсэн энэ хуулийн 26.1.2-т заасан этгээдэд холбогдох хариуцлага оногдуулах тухай саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавих;

26.1.4.талуудыг эвлэрүүлэн зуучлах;

26.1.5.гомдол, мэдээлэл нь эрүү, зөрчлийн шинжтэй гэж үзвэл харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх;

26.1.6.зөрчлийг арилгах үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд зөрчил арилгуулахаар гомдол, мэдээллийг шилжүүлэх, биелэлтийг шаардах;

26.1.7.эрүү шүүлт явуулсан байж болзошгүй албан хаагчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт уламжлах.

26.2.Комиссын гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг чандлан хадгална. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.3.Комиссын гишүүн гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хуульд заасан журмын дагуу гомдол, мэдээлэл гаргагчид хариу мэдэгдэнэ.

КОМИССЫН ГИШҮҮНИЙ ШААРДЛАГА, ЗӨВЛӨМЖ

27 дугаар зүйл. Комиссын гишүүн шаардлага, зөвлөмж гаргах

27.1.Комиссын гишүүн нь бүрэн эрхийнхээ хүрээнд шаардлага, зөвлөмж гаргана.

27.2.Комиссын гишүүн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүлнэ.

27.3.Комиссын гишүүн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй гэж үзвэл шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар зөвлөмж хүргүүлнэ.

28 дугаар зүйл. Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг биелүүлэх

28.1.Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

28.2.Байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд шаардлагыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор, зөвлөмжийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бичгээр хариу мэдэгдэнэ. Комиссын гишүүн хүний эрхийн зөрчил, хэрэгжүүлэх арга хэмжээний онцлогоос хамааран хариу мэдэгдэх хугацааг өөрөөр тогтоож болно.

28.3.Комиссын гишүүний шаардлагын дагуу арга хэмжээ аваагүй бол албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, хуулийн этгээдийн зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах үндэслэл болно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.4.Комиссын гишүүний зөвлөмжийн дагуу арга хэмжээ аваагүй нь албан тушаалтныг албан тушаалаас нь бууруулах, биелүүлэх хүртэлх хугацаанд хуулийн этгээдийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, үйл ажиллагааг нь түр зогсоох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах үндэслэл болно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.5.Комиссын гишүүн нь гаргасан шаардлага, зөвлөмж, түүний хэрэгжилтийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэх, олон нийтэд мэдээлж болно.

КОМИССЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

29 дугаар зүйл. Комиссын Тамгын газар

29.1.Комисс Тамгын газартай байх бөгөөд Тамгын газар нь Комиссын гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллана.

29.2.Тамгын газар нь Комиссын чиг үүргийг дагнан хэрэгжүүлэх газар, хэлтэстэй байх бөгөөд хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд хяналт тавих нэгжтэй байна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.3.Комиссын Тамгын газрын дарга, ажилтан төрийн захиргааны албан хаагч байна.

29.4.Комиссын Тамгын газар нь орон нутагт Комиссын чиг үүргийг хэрэгжүүлэх орон тооны ажилтантай байна.

29.5.Комиссын орон нутаг дахь ажилтны үйл ажиллагаанд Тамгын газар хяналт тавина.

29.6.Комиссын Тамгын газрын холбогдох ажилтан Комиссын гишүүний бүрэн эрхийг түүний нэрийн өмнөөс дараах байдлаар төлөөлөн хэрэгжүүлнэ:

29.6.1.гомдол, мэдээлэл хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгөх;

29.6.2.Комиссын гишүүний удирдамж, чиглэлийн дагуу гомдол, мэдээллийг шалгах, баримтжуулах;

29.6.3.гомдол, мэдээллийг шалгаад тогтоогдсон нөхцөл, байдлыг саналын хамт Комиссын гишүүнд танилцуулах;

29.6.4.Комиссын гишүүний удирдамж, чиглэлийн дагуу хүний эрхийн хяналт шалгалт явуулах;

29.6.5.Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих.

30 дугаар зүйл. Иргэний нийгмийн зөвлөл

30.1.Комисс үйл ажиллагаагаа явуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий иргэний нийгмийн зөвлөлтэй байна.

30.2.Иргэний нийгмийн зөвлөлийн олон талт төлөөллийг хангахдаа хүний эрхийн асуудал эрхэлсэн ашгийн төлөө бус хуулийн этгээд, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн багш, судлаачийг оролцуулна.

30.3.Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн дараах шаардлагыг хангасан байна:

30.3.1.хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн гишүүн байх, эсхүл эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн багш, судлаач байх;

30.3.2.хүний эрхийн чиглэлээр сүүлийн гурван жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, эсхүл судалгаа, шинжилгээний ажил эрхэлсэн байх;

30.3.3.улс төрийн намын харьяалалгүй байх, эсхүл түдгэлзсэн тухай шийдвэр гарсан байх.

30.4.Иргэний нийгмийн зөвлөлийн дүрмийг Комиссын хуралдаанаар баталж, мөрдүүлнэ.

ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ АЖИЛЛАГАА

31 дугаар зүйл. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагаа

31.1.Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх чиг үүргийг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн хэрэгжүүлнэ.

31.2.Комиссын гишүүн болон бусад албан тушаалтан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцохыг хориглоно.

31.3.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааны төсөв нь чиг үүргээ бүрэн, тасралтгүй, үр нөлөөтэй, хараат бусаар эрхлэн явуулахад хүрэлцэхүйц байна.

31.4.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, хэвлэн нийтэлнэ.

32 дугаар зүйл. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн

32.1.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр хууль зүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаатай томилно.

32.2.Энэ хуулийн 32.1-д заасан шаардлагыг хангасан иргэн сонгон шалгаруулалтыг нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор нэр дэвших тухай хүсэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ.

32.3.Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг байгуулж, 60 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулна. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан иргэнийг нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол зохион байгуулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.4.Хууль зүйн байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр томилох саналаа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, томилох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

32.5.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол энэ хуульд заасан журмын дагуу 14 хоногийн дотор өөр хүний нэрийг дэвшүүлнэ.

32.6.Нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол тухайн иргэнийг дахин нэр дэвшүүлэхгүй.

32.7.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд энэ хуулийн 12.10, 12.11-д заасан зохицуулалт, 12.12-т заасан журам нэгэн адил хамаарна.

32.8.Энэ хуулийн 15.1-д заасан үндэслэлээр Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг хугацаанаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.

33 дугаар зүйл. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиг үүрэг

33.1.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

33.1.1.аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөлийг судлах зорилгоор тогтмол хяналт шинжилгээ хийх;

33.1.2.олон нийтэд эрүү шүүлтийн хор аюулыг тайлбарлан таниулах, эрүү шүүлтээс ангид байх эрхийг төрийн албан тушаалтан, иргэдэд сурталчлах;

33.1.3.эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар судалгаа хийх, ном, сургалт, сурталчилгааны хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах зэрэг ажлыг эрхлэн явуулах, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг оролцуулах;

33.1.4.хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сурталчилгаа тогтмол явуулах.

Тайлбар: Энэ хуульд заасан "бүх газарт" гэдэгт хорих байгууллага, цагдан хорих анги, түр болон албадан саатуулах газар, сэтгэцийн эрүүл мэндийн төв, хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон ахмадын асрамжийн газар, сургуулийн дотуур байр, албадан эмчилгээний байр, дүрвэгсдийн байр, цэргийн сахилгын байр, хилийн шалган нэвтрүүлэх боомт дахь түр саатуулах болон хамгаалах байрыг ойлгоно.

34 дугаар зүйл. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний бүрэн эрх

34.1.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

34.1.1.энэ хуулийн 33.1.1-д заасан газарт аль ч цаг үед саадгүй нэвтрэх, хяналт шинжилгээ хийх;

34.1.2.хууль тогтоомж, төрийн байгууллагын шийдвэрийн төсөл эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал, зөвлөмж гаргах;

34.1.3.энэ хуулийн 33.1.1-д заасан газар, эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүний талаарх бүх төрлийн мэдээллийг аль ч үед гаргуулан авах;

34.1.4.энэ хуулийн 33.1.1-д заасан газарт ажиллах явцдаа аюулгүй байдлаа хангуулах;

34.1.5.энэ хуулийн 33.1.1-д заасан газрын нөхцөл байдлыг техник хэрэгсэл ашиглан баримтжуулах;

34.1.6.эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

34.1.7.эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор ашгийн төлөө бус хуулийн этгээд болон бусад байгууллагатай хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, олон нийтэд тогтмол мэдээлэх;

34.1.8.эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

34.1.9.эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн даргыг томилох, чөлөөлөх;

34.1.10.эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн дотоод зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх;

34.1.11.эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн дотоод үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам баталж мөрдүүлэх.

35 дугаар зүйл. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмж

35.1.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж болзошгүй гэж үзвэл шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд зөвлөмж хүргүүлнэ.

35.2.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

35.3.Байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд нь зөвлөмжийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бичгээр хариу мэдэгдэнэ.

35.4.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмжийн дагуу арга хэмжээ хэрэгжүүлээгүй бол албан тушаалтныг албан тушаалаас нь бууруулах, чөлөөлөх, огцруулах, байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг зогсоох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргана.

36 дугаар зүйл. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгж

36.1.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд туслах чиг үүрэг бүхий орон тооны нэгж ажиллана.

36.2.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн дарга, ажилтан төрийн захиргааны албан хаагч байна.

36.3.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгж нь Комиссын Тамгын газарт харьяалагдах ба зөвхөн энэ хуулийн 33.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

КОМИССЫН БОЛОН ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙН БАТАЛГАА

37 дугаар зүйл. Улс төрийн баталгаа

37.1.Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн болон Тамгын газрын албан хаагч нь улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Гишүүн албан тушаал хаших хугацаандаа улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ.

37.2.Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө эдлэхдээ өөрийн албан тушаалд хүндэтгэлтэй хандана.

38 дугаар зүйл. Эдийн засаг, нийгмийн баталгаа

38.1.Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.

38.2.Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, зэрэглэлд тохирсон цалин хөлс авна.

39 дугаар зүйл. Хууль зүйн баталгаа

39.1.Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилсан бол холбогдох албан тушаалтан энэ тухай Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ. Бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих болон зөрчлийн баривчлах шийтгэл ногдуулах, гэр, албан өрөө, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

39.2.Хуульд зааснаас бусад тохиолдолд Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг ажлаас чөлөөлөх, огцруулах, эсхүл өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.

39.3.Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх чиглэлээр захидал харилцааны мэдээллийг задруулахыг хориглоно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

39.4.Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

40 дугаар зүйл. Аюулгүй байдлын баталгаа

40.1.Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан амь нас, эрүүл мэндэд нь бодит аюул заналхийлсэн, эсхүл ийм нөхцөл байдал гарч болзошгүй тохиолдолд цагдаагийн байгууллага аюулгүй байдлыг хангана.

40.2.Хүний эрхийн хяналт шинжилгээ, хяналт шалгалтын үеэр Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Тамгын газрын ажилтнуудын аюулгүй байдлыг шалгалтад хамрагдаж байгаа байгууллага, албан тушаалтан хангана.

40.3.Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

41 дугаар зүйл. Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд хориглох зүйл

41.1.Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтаас гадна дараах зүйлийг хориглоно:

41.1.1.сургалт, эрдэм шинжилгээний ажил хийхээс бусад энэ хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсрах;

41.1.2.энэ хуульд заасан өөрийн бүрэн эрхээ урвуулан ашиглах;

41.1.3.албан үүрэгтэй нь холбогдож мэдсэн, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

41.1.4.бусад улсын хүний эрхийн үндэсний болон олон улсын байгууллага, олон улсын гэрээгээр харилцан тохиролцсоноос бусад гадаад улс, тэдгээрийн иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүний санхүүжилтээр гадаад улсад зорчих.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.