14 дугаар зүйл. Оюуны өмчийн улсын байцаагч
14.1.Оюуны өмчийн байгууллагад оюуны өмчийн улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана.
14.2.Орон нутагт оюуны өмчийн асуудал хариуцсан хэлтэс, тасаг ажиллуулах бол оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулж болно.
14.3.Оюуны өмчийн байгууллагын дарга оюуны өмчийн улсын ерөнхий байцаагч байна.
14.4.Оюуны өмчийн улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг оюуны өмчийн улсын ерөнхий байцаагч олгоно.
14.5.Оюуны өмчийн улсын байцаагч хяналт шалгалтыг гүйцэтгэхдээ оюуны өмчийн хууль тогтоомж, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.
14.6.Улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнана.
14.7.Улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчаас баталсан загвар бүхий үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон акт, дүгнэлт, албан шаардлагын хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
14.8.Улсын байцаагчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан шийдвэрт заасан хугацаанд биелүүлж, хариуг албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.9.Улсын байцаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./