3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."оюуны өмч" гэж оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объект болон аж үйлдвэрийн өмчийг;
3.1.2."оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн сан" гэж нэгдсэн ангилал, индекс, стандарт, баримт бичгийн шаардлага болон хуульд заасны дагуу бүрдүүлж, боловсруулж, хадгалсан оюуны өмчийн цаасан болон цахим мэдээллийн бүрдлийг;
3.1.3."хамтын удирдлагын байгууллага" гэж зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болон түүнд хамаарах эрх эзэмшигчид бүтээл ашиглах онцгой эрхийг хэрэгжүүлэх болон хамгаалах зорилго бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;
3.1.4."албан ёсны тогтмол хэвлэл" гэж оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцод заасны дагуу шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн бүртгэлийг мэдээлэх тогтмол нийтлэлийг.