11 дугаар зүйл. Аудитын төлөвлөлт
11.1.Монгол Улсын Ерөнхий аудитор аудитын сэдвийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцуулж, шийдвэрлүүлнэ.
11.2.Энэ хуулийн 11.1-д заасан аудитын сэдвийг дараах байдлаар ангилна:
11.2.1.хуульд заасны дагуу хийгдэх аудит;
11.2.2.төрийн аудитын байгууллагын бодлогоор хийгдэх аудит.
11.3.Энэ хуулийн 11.2.1-д зааснаас бусад аудитын сэдвийг батлахдаа дараах хүчин зүйлд үндэслэнэ:
11.3.1.тухайн сэдвээр урьдчилсан судалгаа, тооцоолол хийгдсэн байх;
11.3.2.төсөв, санхүү, хугацаа болон хүний нөөцийн чадавхтай байх;
11.3.3.иргэд, олон нийтийн анхааралд байгаа үнэн зөв хариу хүссэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал байх.
11.3.4.төрийн аудитын байгууллагын аудитын сэдэвт санал авах хугацаанд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.4.Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар тухайн орон нутагтаа гүйцэтгэх дөрвөөс илүүгүй аудитын сэдвийг энэ хуулийн 11.3-т заасан хүчин зүйлийг үндэслэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхий аудитороор батлуулна.
11.5.Энэ хуулийн 11.1, 11.4-т заасан аудитын сэдвийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудитор аудитын төлөвлөгөөг жилийн болон хэтийн хугацаагаар боловсруулж батална.