20 дугаар зүйл. Төрийн аудитын тайлан
20.1.Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайлан гаргана.
20.2.Төрийн аудитын байгууллага аудитын дүгнэлтэд тулгуурлан төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, бусад эрх зүйн актын хүрээнд нийтийн өмчийг төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулах үйл ажиллагааны арвилан хэмнэлт, үр ашигтай, үр нөлөөтэй байдал болон төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилгоор шалгагдагч этгээд болон холбогдох бусад албан тушаалтанд зөвлөмж өгнө.
20.3.Шалгагдагч этгээд болон холбогдох бусад албан тушаалтан нь энэ хуулийн 20.2-т заасан зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнг төрийн аудитын байгууллагаас тогтоосон хугацаанд мэдэгдэнэ.
20.4.Төрийн аудитын байгууллага аудитын тайланг шалгагдагч этгээд, Улсын Их Хурал, шаардлагатай тохиолдолд Засгийн газар болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.
20.5.Шалгагдагч этгээд болон холбогдох бусад албан тушаалтан нь энэ хуулийн 20.2-т заасан зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг аудитын тайланг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төрийн аудитын байгууллагад ирүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./