21 дугаар зүйл. Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох
21.1.Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө.
21.2.Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно.
21.3.Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 21.1, 21.2-т заасны дагуу өгсөн албан шаардлага, тогтоосон төлбөрийн акт нь аудитын тайлангийн салшгүй хэсэг байна.
21.4.Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.