25 дугаар зүйл. Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын бүрэлдэхүүн, ангилал, зэрэг дэв

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын бүрэлдэхүүн, ангилал, зэрэг дэв

25.1.Төрийн аудитын байгууллагад Монгол Улсын Ерөнхий аудитор, түүний орлогч, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч ажиллах бөгөөд тэдгээр нь төрийн тусгай албан хаагч байна.

25.2.Төрийн аудитын байгууллагын албан тушаалыг доор дурдсанаар ангилна:

25.2.1.төрийн аудитын тэргүүн түшээ;

25.2.2.төрийн аудитын шадар түшээ;

25.2.3.төрийн аудитын итгэмжит түшээ;

25.2.4.төрийн аудитын зөвлөх түшээ;

25.2.5.төрийн аудитын ахлах түшээ;

25.2.6.төрийн аудитын түшээ.

25.3.Төрийн аудитын тэргүүн түшээ ангиллын албан тушаалд Монгол Улсын Ерөнхий аудитор, төрийн аудитын шадар түшээ ангиллын албан тушаалд Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч, төрийн аудитын итгэмжит түшээ ангиллын албан тушаалд төрийн аудитын байгууллагын тэргүүлэх аудитор, төрийн аудитын зөвлөх түшээ ангиллын албан тушаалд төрийн аудитын байгууллагын аудитын менежер, төрийн аудитын ахлах түшээ ангиллын албан тушаалд төрийн аудитын байгууллагын ахлах аудитор, ахлах шинжээч, төрийн аудитын түшээ ангиллын албан тушаалд төрийн аудитын байгууллагын аудитор, шинжээч тус тус хамаарна.

25.4.Энэ хуулийн 25.2-т заасан төрийн аудитын байгууллагын албан тушаалын ангилал тус бүрдээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна.

25.5.Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч, бусад албан хаагчийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхий аудитор олгоно.

25.6.Төрийн аудитын байгууллагын албан тушаалын зэрэг дэв, нэмэгдэл олгох журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.