28 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхий аудитор

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхий аудитор

28.1.Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд түүнийг нэг удаа улируулан томилж болно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

28.2.Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшсэн хүн Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

28.2.1. 45 нас хүрсэн байх;

28.2.2.эдийн засаг, санхүү, эсхүл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх;

28.2.3.төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх;

28.2.4.сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх;

28.2.5.Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх.

28.3.Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа, албан тушаалд тохирсон цалин хөлс авч, зайлшгүй шаардлагатай бусад хангамж эдэлж, хуульд заасан баталгаагаар хангагдана.

28.4.Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, эсхүл хугацаанаас өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Улсын Их Хурал энэ хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторыг 30 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор нөхөн томилно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.